“Тарьц, суулгац-2018” хаврын үзэсгэлэн худалдаа эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2018-04-27 16:49:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг угтан БОАЖЯ-наас энэ сарын 27-29-нд нийслэлийн иргэддээ зориулан стандартын тарьц суулгац худалдах үзэсгэлэн худалдааг МҮЭСТӨ-нд зохион байгуулж байна.

Байгаль эх дэлхийнхээ төлөө иргэн бүр ухамсар, мэдлэгтэй байж, эерэг хандлагыг бий болгохын тулд жил бүрийн мод тарих өдрийг тодорхой зорилготой тэмдэглэдэг.  2018 онд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бүх нийтээрээ 17 дахь удаагаа мод тарих юм. Жил бүр энэхүү үзэсгэлэн худалдаагаар худалдах тарьц, суулгацын зүйлийн тоо нэмэгдэж, чанар стандарт сайжирч байгаагаас гадна мэргэжлийн хяналтын үйл ажиллагаан дор зохион байгуулдаг болсон тул иргэд тарьц, суулгацын чанар, стандарт, гарал үүсэлд санаа зовохгүйгээр худалдан авах боломжтой юм.
Энэхүү үзэсгэлэн худалдаанд мэргэжлийн аж ахуйн нэгжүүд мод сөөгний тарьц суулгацыг худалдан борлуулахаас гадна үйлчлүүлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд мод тарьж ургуулах талаар мэдлэг мэдээлэл олгож, зөвлөгөө өгдөг нь иргэдийн экологийн боловсролыг сайжруулах онцгой ач холбогдолтой. Мөн мэргэжлийн байгууллагууд дэвшилтэт технологид суралцах, мэдээллээ хуваалцах, үр, ургамлын солилцоо хийх туршилт судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар мэдээллээ солилцдог.

Цаашид БОАЖЯ-наас мод, сөөгний стандартын тарьц, суулгацаар хангах зорилготой үзэсгэлэн худалдааг илүү өргөн хүрээнд энэ салбарын технологийн ололт амжилтыг харуулсан экспо түвшинд зохион байгуулах юм. Мөн бүс нутгийн онцлогт тохирсон мод үржүүлгийн газрыг өргөжүүлэх, модны зүйлийн бүрдлийг нэмэгдүүлэх хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжийн тарьц, суулгац ургуулах чиглэлээр хэрэгжүүлэх онцгой сайн төслүүдийг сонгон шалгаруулж дэмжин ажиллаж байгаа аж.
Ж.Болор
相关新闻