“Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг 15 дахь жилдээ орон даяар тэмдэглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-05-04 14:36:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жил “Үндэсний бичиг үсэг-тусгаар тогтнол” уриан дор тэмдэглэж буй “Үндэсний бичиг үсгийн баяр-2018”-ын нээлт өнөөдөр Монголын Үндэсний номын сангийн өмнөх талбайд болов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийн дагуу жил бүрийн 5 дугаар сарын эхний Ням гарагийг Монголын "Үндэсний бичиг үсгийн баяр"-ын өдөр болгосон. Үндэсний хэл бичиг, түүнтэй холбогдолтой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, үндэсний бичгээ чадмаг эзэмших, үр хүүхэддээ зааж өвлүүлэх талаар өргөн олонд хүртээлтэй их ажил өрнүүлэн ард нийтээр тэмдэглэдэг уламжлалтай билээ.
Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Монголын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг номын сангууд, ЕБС-ийн сурагчид, иргэдийн төлөөлөл оролцов.
Баярын үйл ажиллагааг “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 107 сурагч Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг уншиж эхлүүлсэн юм.

Монголын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо хэлэхдээ, “Дэлхий нийтийн хэл соёлын дарангуйлалд монгол орон өртөөд байна. Бид монгол бичгээрээ сайхан бичиж, монгол хэлээрээ ярьж суръя гэхээсээ илүү хүүхдүүддээ гадаад хэл сургахыг чухалчилдаг болсон. Монголчууд бид өөрсдийн гэсэн үндэсний бичиг үсэгтэй, түүгээрээ монгол хүүхэд бүр бичиж сурах, монгол хэлээрээ ярих ёстой гэдэг ойлголт бараг үгүй болжээ. Монголчуудын тусгаар тогтнолын баталгаа нь өөрийн гэсэн бичиг үсэгтэй ард түмэн. Бид үндэсний үсэг бичигтэй байж олон янзын урсгал, дэлхийн чиг хандлага, соёлын дарангуйллаас тэсч үлдэнэ. Монголчуудын байгуулсан Цагаан хэрэм, монголын дарлалаас дэлхий ертөнц өөрсдийгөө хамгаалдаг байсан бол одоо мөнх тэнгэрийн бичгийнхээ хөх хэрмийг байгуулж соёлын дарангуйллаас эх орныхоо хилийг тогтоож хамгаална. Энэ бол номын сан, бичгийн мэргэд, монгол хэл судлаачдын асуудал биш улс үндэстний хар хайрцагны асуудал юм. Улс орон, аймаг, сум бүр монгол бичиг үсгийн өдрөө тэмдэглэж, үүгээр дамжуулан хойч үе, үр хүүхэддээ монгол бичгийн гайхамшигтай судруудыг уншиж, судалж, тэдэнд эх оронч үзэл төлөвшүүлэхэд чиглэж Үндэсний бичиг үсгийн баярыг улс орон даяар тэмдэглэж байна” гэв.

Энэ үеэр БСШУСЯ-ны "Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч" тэмдгээр Монгол Улсын Үндэсний номын сангийн Мэдээллийн сан бүрдүүлэгч Х.Түмэнбаяр, МУИС-ийн багш Д.Лхагвасүрэн, Үндэсний бичгээр хөтөлдөг Викибилиг сайтыг үүсгэн байгуулагч орчуулагч Н.Гантуяа, Архангай аймгийн Хайрхан сумын сургуулийн багш Д.Гантуяа нарыг шагнасныг Ардын уран зохиолч, СГЗ Ш.Дулмаа, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр нар гардуулан өглөө.



Түүнчлэн Монгол Улсын Номын сангийн шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт баг хамт олноороо үр бүтээлтэй ажиллаж, тодорхой амжилт гаргасан Үндэсний номын сангийн нэрэмжит шагнал “Ном цом”-оор Хүүхдийн төв номын сан, Өмнөговь аймгийн Нийтийн төв номын санг шагнав.

Энэ сарын 06-ныг хүртэл үргэлжлэх “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын хүрээнд монгол хэл, соёлын судалгааны асуудлаар эрдэм шинжилгээний хурал, монголчуудын бичиг үсгийн түүх, соёл, уламжлалыг харуулсан цуврал үзэсгэлэн, уншигч, эрдэмтдийн уулзалт хэлэлцүүлэг болон үе үеийн бичиг үсгийн тухай эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвилыг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг аймаг, нийслэлийн номын сан, их, дээд сургууль, ЕБС зэрэг боловсрол, соёлын байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ
相关新闻