Дүрс, дуу, авианд шингэсэн соёлын баримтат өвийг дэлгэн үзүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-05-04 16:00:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 238 дугаар тогтоолоор баталсан Соёлын баримтат өвийг хамгаалах хөтөлбөрийн биелэлтийг хангах хүрээнд “Дүрс, дуу, авианд шингэсэн соёлын баримтат өвийн хадгалалт хамгаалалт” үзэсгэлэн энэ сарын 01-06-нд Монголын Үндэсний номын сангийн “Үнэт ховор номын музей”-д үргэлжилж байна.

Уг үзэсгэлэнг Үндэсний Архивын газар, Соёлын өвийн төв, “Монгол шуудан” ХК хамтран зохион байгуулж буй юм.
Баримтат өвийн сэдэвт тэр бүр яригдаад байдаггүй үнэт өвийн нэг хэлбэр болох дүрс, дуу, авианд шингэсэн өвийг сурталчлан таниулж тэдгээрийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах шаардлагатай байгаа юм. Дахин үл давтагдах эдгээр баримтат өвийн тухай цэгцтэй ойлголт иргэдэд өгөхийн тулд Монгол Улсын өвийн дээжээс толилуулж байна.



Тухайлбал, Үндэсний номын санд хадгалагдаж буй 1973 онд Парист бичүүлсэн ардын язгуур урлагийн бичлэг, Данжуурын хальс ба микрофон, Маршал Х.Чойбалсангийн ховор гэрэл зургууд, эртний бичиг үсгийн дурсгалууд, 1943 оны сайн малчдын II зөвлөгөөний тэмдэглэл, XXV Их хурлын тогтоол шийдвэрийн эмхэтгэл, Үндэсний Архивын газрын сан хөмрөгт хадгалагдаж буй Мянган дурсгалт Орхоны хөндийн хальс, Дэлхийн залуучууд Оюутны анхдугаар их наадмын тухай нэвтрүүлэг, 1921 оны Ардын хувьсгалын партизан нарын дурсамж яриа, Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойд зориулсан бичлэг, “Өнөөдөр өчигдөр маргааш” Үнэн сонины 90 жилийн ойд зориулсан бичлэг, Налайхын хөшөөний хальс, эртний Монголчуудын бичиг үсгийн дурсгал зэргийг дэлгэжээ. Мөн Соёлын өвийн төвд хадгалж буй Архангай аймгийн Чонот хөшөөний Согд бичээс, Эрдэнэмандал, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг дахь Тойн нуруу, Дэл уулын Баруун билүүний руни бичээс, Зүүн билүүний хятад монгол бичээс, “Монгол шуудан” ХК-ийн сан хөмрөгт буй Монгол Улсын 1924 онд гүйлгээнд гаргасан “Элдэв-Очир” хэмээх анхны маркаас эхлээд төрөл бүрийн сэдэвчилсэн маркийн цуглуулгыг дэлгэсэн байв.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ
相关新闻