Ханын материалд сургууль, цэцэрлэг бүхий орон сууцны хороолол барина

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-01 11:21:11

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Ханын материалын үйлдвэрийн зүүн талд сургууль, цэцэрлэг бүхий орон сууцны хороолол байгуулах газар олгох болжээ.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга өнөөдөр “Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А/876 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Ханын материалын үйлдвэрийн зүүн талд 6 га талбайд газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулахаар болжээ.

Сонгон шалгаруулалтын бэлтгэл ажлыг хангаж, энэ сарын 21-ний өдөр зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгожээ. Мөн  захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгасан байна.

Ч.Ариунболд

相关新闻