Нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэтгэлгийг 15 оюутан хүртэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-05-07 16:35:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, нийгмийн идэвх, авьяас, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор дотоодын их, дээд сургуулиудад амжилттай суралцаж буй бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнуудыг дэмжих зорилготой. Бүтэн жилийн турш хэрэгжих уг хөтөлбөрийн онцлог нь тэтгэлгээс гадна хувь хүний хөгжлийн сургалтад хамрагдаж, сурсан мэдлэгээ бусадтай хуваалцах, дадлага хийх, хүүхэдтэй ажиллах боломжтой.
Уг тэтгэлэгт хөтөлбөрт элсэхийг хүсэгчид Нийгмийн ажилтны чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд 3.2 ба түүнээс дээш голчтой бакалаврын өдрийн ангийн оюутан, Төрийн сангийн зээл болон бусад ямар нэгэн тэтгэлэгт хамраагvй, Аливаа хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог, Хүүхдийн зусланд ажиллах, өөрийгөө нээн хөгжүүлэх, сурч мэдэх хүсэл эрмэлзэлтэй байх шаардлага хангасан байх ёстой.
Хөтөлбөрийн хүрээнд хувь хүний хөгжлийн сургалтад хамарч, ур чадвараа дээшлүүлэх, хүүхдийн зусланд багшаар ажиллаж багаар ажиллах чадвар, сурсан мэдсэнээ хэрэгжүүлэх ажлын туршлагатай болох, “Улаанбаатар хотын хэмжээнд хүүхдийн зуслангийн хөгжлийн хөтөлбөрийн үр дүнг тодорхойлох” судалгаанд хамтран ажиллах юм.
Нэг жилд нийт 15 хүртэлх оюутанд тэтгэлэг олгох бөгөөд нэг оюутанд олгох тэтгэлгийн хэмжээ хоёр сая төгрөг байна.
Бүртгэлийг энэ сарын 8-15-ныг хүртэл нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газарт явуулах юм.
Ж.Болор

相关新闻