“Бидний театр” жүжгийн уралдаан зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-05-07 17:58:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Соёл, урлагийн газар, УДЭТ, СУИС, МҮОНРТ хамтран 9 дүүргийн дунд театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх, үзэгчийн соёлыг төлөвшүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох зорилготой “Бидний театр” жүжгийн уралдаан зарлалаа.

Уралдаанд дүүрэг тус бүр нэг жүжиг бэлтгэн оролцох бөгөөд УДЭТ-аас сонгосон 9 найруулагч жүжгийг тайзнаа амилуулах юм. Энэхүү уралдаан нь ЕБС-ийн ахлах ангийн сурагчдаас жүжгийн багийг бүрдүүлж буйгаараа онцлогтой. Дүүрэг бүрийн хамгийн шилдэг, авьяаслаг сурагчдаас бүрдсэн жүжгийн баг өөрийн дүүргийг төлөөлөн бусад дүүргүүдтэй өрсөлдөнө. Хоёр үе шаттай уралдааны нэгдүгээр шатанд дүүргийн ЕБС тус бүрээс 100 хүүхдэд тухайн жүжгээ үзүүлэх юм. Нийслэлийн Улаанбаатар чуулгад энэ сарын 8, 9-нд болох хоёрдугаар шатанд театрын урлагийн нэрт зүтгэлтнүүд жүжиг тус бүрт үнэлгээ өгч шүүн явуулна. Тус уралдаанаар шилдэг жүжиг, эхний гурван байр, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол болон туслах дүрүүд, шилдэг найруулагчийг тус тус тодруулах юм.
МҮОНРТ-ээс уралдаанд оролцож буй жүжгүүдийг телевизийн контент болгохоос гадна театрын урлаг, үзэгчийн соёлын асуудлаар нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдийн хүртээл болгох юм.

Ж.Болор

相关新闻