Харьяалал харгалздаг болсноор төрийн албаны шалгалтад орох иргэдийн тоо буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-05-08 11:09:35
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төрийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөхөх иргэдийг сонгох шалгалтад орох иргэдийн тоо энэ удаа буурсан байна.
Учир нь өмнөх жилүүдэд харьяалал харгалзахгүй бүртгэдэг байсныг энэ удаа больсон нь шалгалтад орох иргэдийн тоо буурахад нөлөөлжээ. Тухайлбал өмнөх  жилүүдэд 200-300-гаад иргэд төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад орохоор бүртгүүлдэг байсан аж. Тэгвэл энэ удаагийн төрийн албаны мэргэшлийн шалгалтад дэс түшмэлийн 21 ажлын байранд 28, туслах түшмэлийн 25 ажлын байранд 77, нийт 100 орчим иргэн бүртгүүлжээ. Эдгээрээс дэс түшмэлд 15 иргэн, туслах түшмэлд 21 иргэн тэнцсэн дүнтэй байна.
Шалгалт энэ сарын 03-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлтэй дүрст төхөөрөмжөөр холбогдон шалгалтын явцад хяналт тавин ажиллажээ. Мөн хөндлөнгийн ажиглагчид болон шалгалт өгөх бусад иргэдэд камержуулалтын системээр нээлттэй харуулсан байна. Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг өгөхөөр бүртгүүлсэн иргэдэд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс шалгалтанд хэрхэн оролцох талаар урьдчилсан зөвлөгөө өгдөг уламжлалын дагуу сургалт зөвлөгөө зохион байгуулсан байна.
Ч.Отгонцэцэг
相关新闻