Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хэрэгжилт 70 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dogsom@montsame.mn
2018-05-10 12:54:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өнөөдөр Монгол Улсад 130 гаруй мянган оюутан 97 их, дээд сургуульд дээд боловсрол эзэмшиж буй ч төгсөгчдийн өрсөлдөх чадвар, ажил эрхлэлтийн түвшин хангалтгүй байдаг. Иймээс дээд боловсролын салбарын хөгжлийг дэмжих, улмаар Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай их, дээд сургууль, төгсөгчдийн тоог нэмэгдүүлэх зорилго бүхий Дээд боловсролын шинэчлэлийн төслийг Азийн хөгжлийн банкнаас (АХБ) санхүүжүүлэн 2012-2019 онд хэрэгжүүлж байна. Төслийн нийт өртөг 20 сая ам.доллар бөгөөд Монгол Улсын Засгийн газар санхүүжилтийн 10 хувийг гаргаж буй юм.
 
БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын хэлтсийн дарга, төслийн захирал Т.Амаржаргалангаас төслийн талаар тодруулга авснаа хүргэж байна.

-Монгол Улсын дээд боловсролын салбарын хөгжлийг өнөөгийн түвшинд тодорхойлбол?

-Монголын дээд боловсролын систем тогтвортой хөгжиж ирсэн. Ууган их, дээд сургуулиуд 70, 80 жилийн ойгоо тэмдэглэж байна. Азийн зарим буурай оронтой харьцуулбал манай дээд боловсролын салбар харьцангуй  тогтвортой хөгжиж ирсэн. Гэвч дээд боловсролын чанар хангалттай бус байгаа юм. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, өмнөх нийгмийн үед бодлого нь тодорхой байсан учир түүнд зориулсан дээд боловсролын системтэй байсан. Харин 90-ээд оны нийгмийн шилжилтийн үед  боловсролын салбарын бодлого алдагдаж, юунд зориулж хэнийг бэлтгэх нь тодорхойгүй болсон. Ерөнхийдөө 1985-1995 оныг дээд боловсролын салбарын хямралын үе гэж үздэг. Харин 1995-2003 онд тоон өсөлт давамгайлж, их, дээд сургуулийн тоо 200-д хүрсэн. Харин одоо цагийн шалгуурыг давж үлдсэн 97 их, дээд сургууль ажиллаж байна. Боловсролын хуулиндаа бүх сургууль магадлан итгэмжлэгдсэн байх ёстой гэж заасан нь хяналтын нэг хэлбэр. Одоогийн байдлаар 67 их дээд сургууль магадлан итгэмжлэгдсэн. Үлдсэн 30 сургууль тодорхой хугацаанд хүлээгдэж байгаа тул, ирэх жилээс магадлан итгэмжлэгдээгүй сургуулиудад хариуцлага тооцох үйл ажиллагаа эхэлнэ. Түүнчлэн яамнаас сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг хянаж байдаг. Ер нь сүүлийн жилүүдэд дээд боловсролын хөтөлбөр чанартай болсон гэж бид хардаг. Хамгийн гол нь дипломтой эсэх нь чухал биш, ажил гүйцэтгэж буй чадварыг нь харж  хүлээн зөвшөөрөх тал руугаа хандаж байна.
 
-Дээд боловсролын шинэчлэлийн төсөл салбарын хөгжилд ямар ач холбогдолтой вэ?

- Төслийн гол концепци нь Монгол Улсын хөгжилд их, дээд сургуулиуд ямар үүрэгтэй оролцох вэ, тэдний үйл ажиллагааг хэрхэн шинэ түвшинд гаргах вэ  гэдэгт төвлөрч байна. Өнөөдөр Монгол Улс мэдлэгт суурилсан нийгмийг бүтээхээр зорьж байна. Мэдлэгт суурилсан нийгмийг бүтээхийн тулд оюуны чадамжаа илүү өндөр түвшинд ашиглах боловсон хүчнийг бэлтгэх нь чухал. Зөвхөн мэддэг хүмүүсийг бэлтгэх биш, мэдлэгээ ашиглаж, баялаг бүтээж чаддаг, зөв хандлага төлөвшилтэй монгол хүнийг бэлтгэх нь өнөөгийн дээд боловсролын салбарын үндсэн зорилт. Дээд боловсролын шинэчлэлийн төсөл нь мэдлэгт суурилсан нийгмийг байгуулах зорилтын хүрээнд хэрэгжиж буй анхны томоохон төсөл юм. Монголын дээд боловсролын салбарт ийм өргөн цар хүрээтэй төсөл өмнө нь хэрэгжээгүй гэдгээрээ онцлог.
 Төсөл нь их, дээд сургуулиуд хөдөлмөрийн зах зээлд хэрэгцээтэй, чадвартай боловсон хүчнийг бэлдэхэд туслах зорилготой. Амжилттай хэрэгжсэнээр сургалтын хөтөлбөрийн чанар сайжирч, дээд боловсролын байгууллагын засаглал, удирдлага, санхүүжилтийн үр өгөөж дээшилж, дээд боловсролын тэгш хүртээмжтэй байдал нэмэгдэх юм. Энэхүү хүлээгдэж буй гурван үр дүнг төслийн гурван бүрэлдэхүүн хэсэг болгон ангилж, тус бүрд нь тодорхой үйл ажиллагаа хэрэгжүүлж байна.
 
-Төсөл хэрэгжихээс өмнө дээд боловсролын салбарын байдал ямар байсан бэ? Тулгамдсан асуудлууд юу байв?

-Сүүлийн 20 гаруй жилд нийгмийн шилжилтээс улбаалан салбарын бодлого, хөгжлийн чиглэл тодорхойгүй байсан боловч манай их дээд сургуулиуд олон улсын болон боловсролын салбарын ерөнхий чиг хандлагаа барьж явсан. Гэвч зарим асуудлууд, тухайлбал боловсролын чанарын үнэлгээний хувьд учир дутагдалтай байв. Мөн төгсөгч хөдөлмөрийн зах зээлд ямар боловсон хүчин болж бэлтгэгдэн очиж  буйг хянах систем сул байсан. Эдгээр болон бусад асуудлуудыг гурван бүлэгт хуваан авч үзээд, шийдэхийг зорьж буй нь энэ төслийн ач холбогдол юм.
 
-Төсөл хэрэгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээлээс дурдвал?

-Их, дээд сургуулиуд энэ төслийн зорилго, ач холбогдлыг сайтар ойлгох, өөрсдийн үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглах, хэрэгжилтийг гүйцэд хангах тал дээр маш хариуцлагатай хандаж, энэ бол бидний өөрсдийгөө хөгжүүлэх боломж гэж хараасай. Мөн сургуулийн удирдлагууд төслийн хүрээнд хийсэн ажлуудад хяналтаа сайтар тавих, үр дүнг нь тооцох, төслийн хүрээнд нийлүүлсэн тоног төхөөрөмжийг бүрэн ашиглах шаардлагатай байна. Сургууль бүрийн байдал харилцан адилгүй байгаа.
 
-Төслийн хэрэгжилт одоогоор хэдэн хувьтай явж байна вэ?

-Хэрэгжилтийн үнэлгээг БСШУСЯ-аас болон Азийн хөгжлийн банкнаас тогтмол хийж байгаа. Төслийн бүрэлдэхүүн хэсэг бүрийн явц харилцан адилгүй байгаа ч ерөнхийдөө 70 хувьтай явж байна. Төсөл 2012 оноос эхлэн хэрэгжсэн. Үүнээс хойш хэрэгжилтийг Засгийн газрын боловсролын салбарт дэвшүүлсэн шинэ зорилго, зорилттой уялдуулах үүднээс төслийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахаар болсон. Тухайлбал, 2018-2019 онд төслийн хүрээнд судалгааны их сургуулийг хөгжүүлэх, үр дүнд суурилсан боловсрол үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхлэлийг тавих, дээд боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг хангах, “Орлоготой оюутан” хөтөлбөрийг дэмжих зэрэг чиглэлээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлуудыг тусган ажиллаж байна. Мөн их, дээд сургуулийн хэв шинж, ангиллыг шинэчлэх эрх зүйн зохицуулалтын асуудал тавигдаж байна. Ерөнхийдөө боловсролын салбарын шинэчлэлийн үр дүн  маргааш нь харагдахгүй, урт хугацаанд гардаг онцлогтой.
 
Төслөөс дээд боловсролын салбарт хийсэн хөрөнгө оруулалтын чиглэл
 
  • Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоог бий болгох
  • Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл
  • Магадлан итгэмжлэлийн үндэсний тогтолцоог бэхжүүлэх
  • Олон улсын магадлан итгэмжлэл
  • Дотоодын магадлан итгэмжлэл
  • Сургалтын орчныг сайжруулах үйл ажиллагаа
  • Багшийн хөгжил
  • Судалгааны чадавхыг бэхжүүлэх
  • Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Боловсролын Удирдлагын Мэдээллийн Систем
  • Жендэрийн үйл ажиллагааны хэрэгжилт
  • Оюутанд чиглэсэн үйлчилгээ
 
Дээд боловсролын шинэчлэлийн төслийн үндсэн гурван бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд амжилттай хэрэгжсэн онцлох ажлуудыг багцлан авч үзвэл:
 
Дээд боловсролын чанарыг сайжруулах үндсэн чиглэлийн хүрээнд сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, шинэчилсэн хөтөлбөрийн үр дүнг үнэлэх магадлан итгэмжлэлийн үндэсний тогтолцоог хөгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоог бий болгох ажлууд хийгджээ.
 
Хөтөлбөр шинэчлэлийн хүрээнд ШУТИС-ийн инженер, технологийн гурван хөтөлбөрт “CDIO” стандартыг амжилттай нэвтрүүлж, одоогийн байдлаар МУИС, ХААИС, ШУТИС-ийн 26 багшийг CDIO-ийн сургагч багшаар бэлтгээд байна. “CDIO”нь “Сэтгэ-Төлөвлө-Турш-Хэрэглэ” зарчимд суурилсан сургалтын арга зүй юм. Энэхүү ажлыг арга зүйн хувьд CDIO-ийн Азийн бүсийн төв болох Сингапурын политехникийн их сургуультай хамтран гүйцэтгэсэн бөгөөд Сингапурын Темасек сан болон Дээд боловсролын шинэчлэлийн төсөл хамтран санхүүжүүлсэн. Улмаар уг стандартын ахисан түвшнийг хэрэгжүүлэхээр өнгөрсөн гуравдугаар сард дээрх талуудтай БСШУСЯ санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд зургаан их сургуулийн хөтөлбөрийг шинэчилж CDIO стандарт нэвтрүүлнэ.
 
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцэхүйц боловсон хүчин бэлдэх зорилт сургалтын хөтөлбөр шинэчлэлд ч тусгалаа олжээ. Төслийн хүрээнд ажил олгогчийн сэтгэл ханамжийн судалгаа, төгсөгчийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгааг явуулах, үүн дээрээ үндэслэн сургалтын хөтөлбөрөө байнга шинэчлэх арга зүйг багш нарт эзэмшүүлсэн байна. Ийнхүү их, дээд сургуулиуд хөдөлмөрийн зах зээлд ямар мэргэжил эрэлттэй байгааг өөрсдөө судлах чадвартай болжээ.
 
Түүнчлэн, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл нь 2015 оноос Германы Олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагатай (ASIIN) ижилсэх түншлэлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн үр дүнд Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн чадавхийг олон улсын түвшинд хүргэхээр зорьж байна. Төслийн дэмжлэгтэйгээр төрийн өмчийн 5 сургуулийн 6 хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлнэ гэж зорьж байсан ч төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, тэргүүлэх чиглэлийн 7 хөтөлбөр Германы ASIIN, АНУ-ын ABET байгууллагуудаар магадлан итгэмжлэгдээд байна.
 
Сургалтын хөтөлбөрийн чанарын асуудал сургуулийн үйл ажиллагааны менежменттэй зайлшгүй холбогддог. Тиймээс дээд боловсролын сургалтын байгууллагын засаглал, удирдлагыг сайжруулах үндсэн чиглэлийн хүрээнд сургуулийн удирдлага, захиргааны ажилтнуудад сургалт явуулж, олон улсын зөвлөх үйлчилгээ хэрэгжүүлжээ. Багшийг мэргэжлэрээ тасралтгүй суралцаж, хөгжих боломжийг дэмжих зорилгоор нийт 8,489 багш, мэргэжилтэн, захиргааны ажилтныг чадавхи бэхжүүлэх сургалтад хамруулсан байна.
 
Дээд боловсролын сургалтын байгууллагын хөгжил, багш оюутны судалгааны чадавхийг хөгжүүлэх, сургалт-үйлдвэрлэлийн түншлэлийг дэмжих, оюутны бүтээлч санаачлагыг дэмжих зорилго бүхий 207 тэтгэлэгт төсөлд 1,042 багш, судлаач, оюутныг хамруулаад байна. Төслөөс дэлхийн шилдэг их сургуультай хамтарсан судалгаа, сургалтын үйл ажиллагааг дэмжиж, их, дээд сургуулийн багш нарт АНУ-ын Харвардын их сургуулийн Анагаах ухааны сургууль,Массатчусетсийн их сургууль, Финляндын Оулу их сургуультай хамтран ажиллаж, туршлага солилцох боломж олгожээ.
 
Мөн БСШУСЯ-наас 1.5 тэрбум төгрөгийн сервер, тоног төхөөрөмж, 1 тэрбум төгрөгийн өртөг бүхий Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системийг хөгжүүлэх ажил эхлүүлснийг төслөөс дэмжин ажиллаж байна. Уг системийг хөгжүүлснээр дээд боловсролын сургалтын байгууллагуудын сургалтын үйл ажиллагааг зохицуулах, элсэлт, төгсөлт, шилжилт хөдөлгөөний замбараагүй байдал, хуурамч диплом олголтыг зогсоох, салбарын мэдээлэл олон нийтэд нээлттэй, ил тод болох ач холбогдолтой.
 
Харин боловсролын хүртээмжийг дээшлүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хүйсийн эрх тэгш байдлыг хангах, боловсролын жигд хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Төслийн жендэрийн үйл ажиллагааны хэрэгжилтийг хангаж ажиллахад БСШУСЯ, ХНХЯ-ны Жендэрийн Ажлын алба, Азийн Хөгжлийн Банк, Жендэрийн үндэсний шинжээчдийн баг, Их, дээд сургуулийн жендэр консорциум болон Төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн 20 гишүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна.
 
Орон нутагт дээд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, оюутнуудын хичээл сонгох боломжийг нэмэгдүүлэхээр Улаанбаатар хот, Ховд, Архангай, Завхан, Дорнод аймагт зайн сургалтын 5 төвийг байгуулсан. Эдгээр зайн сургалтын төвийн үйлчилгээг эхний ээлжинд орон нутгийн 2,000 багш, оюутанд хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Х.Аминаа
 
 
 

相关新闻