Монголын мөнгөн тэмдэгтийн түүх, эртний улсуудын зоосны үзэсгэлэн гарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-05-14 13:04:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын нутагт байсан эртний улсуудын зоос, хувьсгалаас өмнө төлбөр тооцоонд хэрэглэж байсан гадаад төлбөрийн зоос, ембүү, гулдмай, Богд хаант Засгийн үед гаргаж байсан “Бага болзоот” хэмээх мөнгөн тэмдэгт, ардын хувьсгал ялсны дараа гаргахаар зэхэж байсан Данзангийн хэмээх доллар, БНМАУ-ын 1925-1983 онд хамрах гүйлгээний зоос болон цаасан мөнгөн тэмдэгтүүд үзэсгэлэнгийн шилэн хоргонд үзэгч олны хараа булаана. 
Энэ бол Монголбанк, Монголын зоос судлалын холбоо, Монголын Үндэсний музей хамтран “Олон Улсын музейн өдөр”-ийг тохиолдуулан толилуулж буй “Монголчуудын төлбөрийн хэрэгсэл-Эртнээс Эдүгээ” үзэсгэлэн юм.
Монгол нутагт төрт улс үүсч бий болсон цагаас эхлэн зоос, мөнгөн тэмдэгт хэрэглэж ирсэн арвин түүхтэй. Энэхүү түүхээ хүүхэд, залуус, олон нийтийн боловсрол, танин мэдэхүйг нэмэгдүүлэх зорилгоор эл үзэсгэлэнг  өнөөдөр Монголын Үндэсний музейд нээлээ.
Монголын эртний улс болох Хүннү, Түрэг, Уйгар, Хятан улсын үеийн гүйлгээний зоос одоогийн байдлаар илрээд байна. Монголын эзэнт гүрний хаад өөрийн нутаг болон эзэлсэн улс, хотын ард иргэдэд зориулан зоосон мөнгийг олон төрлөөр, их хэмжээгээр алт, мөнгө, зэс, хүрэл зэрэг металлаар цутгуулж байсан нь өнөө цагт түүхийн гэрч, үнэт баримт болон үлджээ. Ингэхдээ нутгийн иргэд зоос мөнгөний уламжлалыг даган хэрэглэж дассан хэллэг, шашин шүтлэг, хээ угалзыг өөрчлөлгүй тусган, хааны нэрийг хүндэтгэн өргөсөн нэрийн хамт хааны удмын тамгатай оруулж монгол, араб, түрэг, хятад зэрэг бичгээр дэлдүүлэн гүйлгээнд гаргаж байв.



Манжийн эрхшээлд байх үест зарим нэг хот, сүм, хийд орон нутагтаа ашиглах цаасан мөнгийг барлан хэвлэж гүйлгээнд ашигладаг байсан нь өнөө цагт музей болон цуглуулагчдын сан хөмрөгт чухал байр эзэлдэг. Богд хаант Монгол Улс байгуулагдсанаас хойш манай улс өөрийн төрт ёс, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон олон төрлийн зоос, цаасан мөнгө, үнэт цаасыг төлбөрийн хэрэгсэл болгон ашиглаж ирсэн. Мөн орчин цагт Монгол Улсын болон олон улсын нийтлэг ач холбогдол бүхий тэмдэглэлт ой зэрэг онцгой чухал үйл явдлыг тохиолдуулан зоосыг олон нийт, зоос цуглуулагчдад зориулж хүртээл болгодог уламжлалтай. Монгол Улс зоос, мөнгөн тэмдэгт, төлбөрийн хэрэгслийн арвин түүхтэй ч гэсэн нүүдэлчин амьдралын эрхээр маш их баримт, материал устаж үгүй болохын хамт цаасан болон зоосон мөнгө ихээр үрэгдэж алга болсон байдаг. Тиймээс эдгээр үнэт дурсгалыг эрэн сурвалжилж, гадаад, дотоодоос эх орондоо олж авчран өв соёлоо хадгалан хамгаалахад хувь нэмрээ оруулж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
Тус үзэсгэлэнд Монголбанкны Эрдэнэсийн сан, Монголын Үндэсний музейн сан хөмрөг болон Монголын зоос судлалын холбооны гишүүн, зоос мөнгөн тэмдэгт цуглуулагч А.Эрдэнэбат, Ц.Энхтөр, Ч.Энхбат, Б.Лхагвасүрэн, Б.Нямаа, Ц.Батсайхан, А.Пунсаг, Ш.Мандахбаяр, Л.Бадрах, Ж.Бэхболд, Т.Цогжавхлан, Х.Пүрэвхүү, Б.Пүрэвсүрэн, В.Ариунболд нарын хувийн цуглуулгат буй хосгүй нандин, урьд өмнө нэгэн дор дэлгэж байгаагүй үзмэрүүдийг толилуулж байна. 


Мөн олон овог, аймгийг нэгтгэн, туурга тусгаар улсаа байгуулсан Чингис хаан нэрийг мөнхөлсөн түүх бичгийн нандин сурвалж болох “Агуу Чингис хаан” хэмээх бичээс бүхий Чингис хааны мөнгөлсөн зэс зоос, алтан зоос, Хархорум хотод дэлдсэн Өгөдэй хааны алтан зоос, Гүег хааны мөнгөн зоос, Мөнх хааны мөнгөн зоос тэргүүтэй Монголын эзэнт гүрний үе үеийн хаадын 300 гаруй  зоос, орон нутгийн шинж чанартай үйлдэж байсан “Хүрээний их сангийн тэмдэг”, Чин сүсэгт Номун ханы хүрээний “Их сангийн тийз” хэмээх мөнгөн тэмдэгт, Ялгуусан хутагтын шавь нутаг дахь “Зэд” хэмээх мөнгөн тэмдэгт болон гүйлгээнд орохоор зэхэж байсан ч ороогүй Богд хаант Монгол Улсын “Бага болзоот” мөнгөн тэмдэгт, 1921 оны Монгол Улсын мөнгөн тэмдэгт буюу “Данзангийн доллар”-ын иж бүрэн цуглуулга эх загварын хамт, 1925 оны анхны шивээстэй мөнгөн тэмдэгт, Төв аймгийн Заамар сумаас олдсон 2.4 кг-ийн төрц алт, 999.9 сорьц бүхий 100 грамм жинтэй шижир алтан гулдмай зэрэг 900 гаруй үнэт өвийг дээжлэн дэлгэсэн нь олны сонирхлыг ихэд  татаж байв.
Тухайлбал Монголын зоос судлалын холбооны гишүүн Б.Пүрэвсүрэн 10 гаруй жилийн өмнөөс зоос цуглуулж эхэлсэн бөгөөд 160 гаруй цуглуулгатай. Хамгийн эртнийх нь гэвэл 1925 оны гүйлгээний зоос, хамгийн үнэтэй нь 2007 оны дэлхийн шилдэг мөнгөн зоосоор шалгарсан, сваровский шигтгээтэй “Нохой зээх” дурсгалын мөнгөн зоос цуглуулгад нь багтжээ. "Нохой зээх" зоосны дэлхийн зах зээлийн дундаж ханш нь 4 сая 500 мянган төгрөгийн үнэтэй байдаг хэмээн ярив. Үзэсгэлэн энэ сарын 28-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 
Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ
相关新闻