Өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих үзэсгэлэн худалдаа эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-05-18 14:22:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Туркийн ЭСЯ, “Монголын Зүймэл даавуун урлалын төв”-тэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй, бага дунд орлоготой өрх толгойлсон эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Upcycling in Mongolia” үзэсгэлэн худалдаа өнөөдөр тус Элчин сайдын яамны өргөөнд  эхэллээ.

Олон нийтэд нээлттэй болох тус арга хэмжээг Турк улсаас Монгол улсад суугаа Элчин сайд М. Ахмет Язалын гэргий хатагтай доктор Кадирэ Зэйнэп Сайым Язалын санаачилгаар хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.



Тэрбээр хэлэхдээ, “Хүн төрөлхтний хэрэгцээ нэмэгдэх хэрээр үйлдвэрлэлийн илүүдэл бий болж, цаашлаад байгаль орчин, хөрсний бохирдол нэмэгдэж буй өнөө үед хуучин, хэрэглэхгүй хувцас эдлэлийг дахин ашиглан шинэ эд зүйлс бүтээж болохыг иргэдэд заан сурталчлах зорилготой төсөл хэрэгжүүлж байна. Тиймээс хувцас хунар гэлтгүй хуванцар, төмөр, метал зэргийг дахин хэрхэн  ашиглахыг хүүхдүүдэд багаас нь зааж сургах, илүү эдийн засагт хэмнэлттэй бүтээгдэхүүн бүтээж болохыг энэхүү үзэсгэлэнгээр таниулж буй юм. Эл төсөл хөтөлбөрийг Туркийн ЭСЯ, ТИКА-гийн зүгээс дэмжин ажиллаж байна. Өнгөрсөн жилийн үзэсгэлэн худалдаанаас олсон нийт  5 сая 500 мянган төгрөгийн орлогыг алслагдмал бүсэд оршин суудаг, бага дунд орлоготой эмэгтэйчүүдэд оёдлын дадал олгох курс хичээллэхэд зориулсан” гэв.


 
“Шинэ замнал” ТББ-ын “Зүймэл даавуун урлалын төв”-ийн тэргүүн Ц.Сэлэнгэ ярихдаа, “Манай төв 14 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бид дэлхий дахины хэрэглээний урлалаас урлаг болтлоо хөгжиж буй зүймэл даавуун урлалыг хөгжүүлэх, олон нийтэд ашиг тусыг нь таниулах, түүгээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өрх толгойлсон эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд чиглэн сургалт явуулж, байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, юмханаар юм хийх арга ухаанд сургахын зэрэгцээ амьдрал ахуйг нь дэмжих зорилгоор өрхийн орлогыг нь нэмэгдүүлэн ажилладаг. Мөн аливаа эсгүүрээс гарсан торго даавууны өөдсийг ашиглаж зүйн оёж, төрөл бүрийн бэлэг дурсгал, гэр ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн хийж дахин хэрэглээнд оруулдгаараа онцлогтой. Өнөөдөр Монголд хөрс болон агаарын бохирдол тулгамдсан асуудал болж байна. Энэ төслийн хүрээнд дээрх асуудлыг шийдэж байгаль орчноо хамгаалахад тодорхой хувь нэмэр оруулахыг зорьж байна. Сургалтын явцад хуучин хувцсаар бүтээл урлахыг уриалж байсан ч иргэд уламжлалт хэвшлээрээ шатаасан хэвээр байна. Тиймээс энэ уламжлалыг халж, олон нийтэд Uncycling чиглэлийг таньж мэдүүлэх үүднээс энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна” гэв.
Байгаль дэлхийд ээлтэй энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирэхдээ хуучин хувцас, эд зүйлс авчрах /ялангуяа жинсэн материалтай эд зүйлс/-аас гадна Турк үндэстний амтат зоог, бүтээгдэхүүн худалдан авч, хандив өргөн хувь нэмрээ оруулах боломжтой.
 
Энэхүү арга хэмжээг тус ЭСЯ-наас олон нийтийн хүсэлтээр энэ жил илүү өргөн хүрээнд хоёр өдрийн турш зохион байгуулах аж.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻