“Эрдэнэсийн сан” үзмэрийн "Бодлоороо зангидсан илд”-олны сонирхлыг татаж байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-05-18 15:11:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Богд хааны ордон музей “Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо”-той хамтран “Эрдэнэсийн сан” медиа арт үзэсгэлэнг өнөөдөр нээлээ.

Үзэсгэлэнд уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ орчин үеийн урлагийн нэг төрөл видео арт “Бод, ол”, “Өөрийгөө хай” бүтээлээрээ оролцож техник технологийг ашиглан урлагийн уламжлал, шинэчлэлийг хослуулан дэглэжээ.



Үзэсгэлэнгээс II Богдод Манжийн хаанаас бэлэглэсэн луу суурьтай бадар аяга, Уйгарын үед бүтээсэн зандан зуух, зээгт наамлын урлалын дээжис зэрэг сор болсон үзмэрүүд, хаан хатны гоёл чимэглэлийн зүйлс, шашны эд зүйлсийг монгол урчууд хэрхэн урлаж байсныг харах боломжтой.  
Үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэдэг үзмэрийн нэг “Бодлоороо зангидсан илд”-ийг үзүүлсэн нь  олны сонирхлыг татаж байна.



“VIII Богд Жавзандамба хутагт төр шашны үйл хэргийг цэвэр ариунаар сахин хамгаалах чин хүслээр чойжин буух айлтгал зарлиг буулган сар бүр товлосон билэгт сайн өдөр шашны хамгаалагч сахиусуудыг буулгадаг байсан. Энэхүү зан үйл нь эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд хорвоогийн ил ба далд, дүрстэй ба дүрсгүй, дээд ба доод төрөлхтөн бүхнийг сэтгэлийн таван хорлолоос амирлуулахын тухайд номын хүчээр зангидсан илд юм. Бурхан сахиусыг залж тэдэнтэй далд ертөнцөд харьцан оюун санааны хүчээр урин ирүүлэх чадалтай хүмүүний биед сахиус залран орших үед дүр байдал нь догшин сахиусын шинжтэй болж дотоод эрчмийн хүчээр төмөр сэлмийг ч зангиддаг” хэмээн тус музейн Бүртгэл мэдээллийн санч Ц.Гүнчин-Иш тайлбарлалаа.

Ирэх сарын 04-нийг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэн хааны эрдэнэсийн сан дахь үзмэрүүдийг видео арттай хосолсон хэлбэрээр нэгэн дор үзэх боломж олгож байна.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻