Ард нийтийн санал асуулгад хилийн чанад дахь монгол иргэд оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Батбаярын өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга, “Хуулийн төсөлд зайлшгүй тусгах шаардлагатай зарим өөрчлөлт байна. Тухайлбал, ард нийтийн санал асуулгыг зөвхөн эх орондоо байгаа 18 нас хүрсэн иргэдийг хамруулахаар тусгасан байна. Энэ заалтыг өөрчилж, 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн бүр ард нийтийн санал асуулгад оролцохоор энэ заалтыг өөрчлөх шаардлагатай” гэсэн саналтай байгаагаа хэлсэн юм. Уг саналаар санал хураалт явуулахад 90.9 хувиар гишүүд дэмжлээ. Ингэснээр хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа иргэд буюу нийт иргэд ард нийтийн санал асуулгад оролцох бололцоотой болох юм. Харин СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Хилийн чанадад байгаа иргэдийн саналыг авахаар бол цаг хугацаа 14 хоногоор, түүнчлэн зардлын тоо хэмжээ одоогийн тусгаснаасаа нэмэгдэнэ" гэв.
УИХ-ын гишүүн Су.Батболд, “1,2 сая сонгогчийн саналыг гараар тоолоход хэцүү биш байна байх. Заавал автоматжуулсан системийг ашиглах шаардлага байна уу” гэсэн асуудлыг дэвшүүлсэн. УИХ-ын гишүүн Н.Батбаяр хууль санаачлагчийн зүгээс, “Шинээр ийм заалт суулгаж байгаа юм биш. Сонгуулийн хууль эрх зүйн орчинд автоматжуулсан системийг ашиглахаар хуульчилсан учраас тэр дагуу тус заалтыг оруулж өгсөн” гэсэн хариултыг өгсөн бол СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, “УИХ-аас 2011 онд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг баталсан. Хуулиараа Ерөнхийлөгч, УИХ, аймаг нийслэлийн ИТХ-ын сонгууль болон ард нийтийн санал асуулгыг автоматжуулсан системээр явуулна гэж заасан. Хэрэв гараар тоолно гэвэл энэ хуулинд өөрчлөлт орох шаардлага үүснэ. УИХ өөрчлөлтийг нэмж тусгасан тохиолдолд СЕХ санал асуулгыг гараар тоолоход түдгэлзэх зүйлгүй” гэсэн нэмэлт тайлбарыг өгч байв. Ингэснээр ард нийтийн санал асуулгын дүнг гар аргаар тоолох тухай УИХ-ын гишүүн Су.Батболд, Л.Цог нарын санал дэмжлэг авсангүй.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, "Өмнөх хуулинд санал асуулгыг 2 асуудлаар явуулна гэж заасан. Тухайн үед техникийн нөхцөл бололцоонд тулгуурлан ийм заалт оруулсан байх. Одоогийн хуулинд 4-5 асуудлаар санал асуулгыг явуулж болно гэж оруулж өгөх хэрэгтэй. Нэгэнт 6 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа тул хэд хэдэн асуулгатай байх нь зүйтэй. Мөн орон нутгийн асуудлаар санал асуулга явуулдаг заалтыг нэмж тусгах нь амьдралд нийцнэ" гэсэн юм. Ийнхүү гишүүдээс гаргасан саналаар санал хураалт явуулснаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг өндөрлөв.
Б.Туул