Улсын заан Б.Бат-Өлзий улсын цолтнууд оролцсон барилдаанд дараалан түрүүлсэн дөрөв дэх бөх боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Монгол Улсын хүчит арслан Г.Дэмүүлийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий түрүүллээ.
Ингэснээр тэрбээр улс, аймгийн цолтнууд зодоглосон барилдаанд дараалан түрүүлсэн дөрөв дэх бөх болов. Түүнчлэн энэ улиралд Монгол бөхийн өргөөнд дөрөв дэхээ түрүүлж байгаа юм. Түүний хувьд 47 удаа түрүү, үзүүрт шалгараад байна. Үүнээс улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд 30, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд гурван удаа түрүүлсэн бол 14 удаа үзүүрлэсэн гэх статистик бий. Тэрбээр түрүүлснийхээ дараа, “Амралтын хоёр өдөр болсон барилдаанд дараалан түрүүлсэндээ баяртай байна. Хоёр өдөр маш хүнд барилдаан хийсэн. Наадам сар гаруйн хугацааны дараа болно. Бөхчүүдийн бэлтгэл сайхан жигдэрсэн учраас даваа бүр хүнд байлаа. Заалны барилдааныг аль болох алгасахгүй байхыг хичээдэг. Спорт залуу насных, нэг л өдөр барилдахаа болино. Тиймээс болж өгвөл барилдаж л байя. Намайг дэмждэг олон хүн “Та маргааш барилдах уу” гээд асуудаг юм. Тиймээс бөх сонирхогчдодоо сайхан барилдаан үзүүлж, баясан цэнгүүлэхийн тулд онцгой шаардлага гарахгүй л бол барилдахыг хичээдэг” хэмээн ярилаа.
Тэгвэл Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таван Хан” дэвжээний бөх, улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэв. Түүний хувьд өнгөрсөн баасан гарагт болсон дархан аваргуудын хүндэтгэлийн барилдаанд их шөвөгт шалгарсан юм.
Энэхүү барилдааны их шөвөгт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Бес Богда” дэвжээний бөх, заан Б.Серик нар шалгарлаа. Харин наймд улсын харцага Г.Бадрах, Э.Даш, начин Д.Амарсайхан, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар нар үлдэв.
Ташрамд сонирхуулахад, улсын аварга Ч.Санжаадамба 2010 оны цагаан сараар улс аймаг болон аймаг, цэргийн цолтнуудын барилдаанд дараалан түрүүлж байлаа. Тэгвэл улсын цолтнууд оролцсон барилдаанд дараалан түрүүлсэн тохиолдол дөрөв байна. Тодруулбал, дархан аварга Б.Бат-Эрдэнэ 2001 оны зургаадугаар сарын 29-нд улсын заан цолны хүндэтгэл, 30-нд Монголын цахилгаан холбооны 80 жилийн ойн барилдаанд дараалан түрүүлсэн. Ингэснээр хоёр өдөр дараалан түрүүлсэн анхны бөх болов. Тэгвэл улсын начин Ду.Батбаяр 2006 оны зургаадугаар сарын 9-нд Шүүхийн байгууллагын 80 жил, 10-нд Эрдэнэт хотын 30 жилийн ойд дараалан түрүүлсэн юм. Харин улсын аварга Г.Эрхэмбаяр 2013 оны тавдугаар сарын 25-нд аварга цолны хүндэтгэл, 26-нд улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит барилдаанд дараалан түрүүлжээ. Дөрөв дэх тохиолдлын эзэн нь улсын заан Б.Бат-Өлзий боллоо. Тэрбээр улсын начин А.Норов болон арслан Г.Дэмүүлийн нэрэмжит барилдаанд дараалан түрүүлсэн нь энэ.