“Роботек-2018” роботын тэмцээнд “Оюуны ундраа” цогцолбор сургууль түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-05-21 17:13:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Электрон төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбооноос санаачлан Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, Нийслэлийн Баянгол дүүргийн ЗДТГ-тай хамтран ЕБС-ийн сурагчдын дунд “Роботек-2018” роботын тэмцээнийг зохион байгууллаа.
Энэхүү тэмцээн нь сурагчдад СТЕМ боловсролын аргаар бүтээлч сэтгэлгээ, багийн ажиллагаа, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, физик, математик болон бусад байгалийн ухааны чиглэлээр ашиглах, хичээлийг сонирхолтой, биет болгох анхан шатны робот бүтээх аргачлалд сургах замаар ирээдүйн энтрепренер, технологич инженерүүдийг бий болгох зорилготой юм.
Тус тэмцээнд Нийслэлийн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 14 сургуулийн 25 багийн нийт 75 сурагч оролцсоноос нэгдүгээр байрт “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн баг, хоёрдугаар байрт 40 дүгээр сургууль, гуравдугаар байрт “Ган зам” 20 дугаар сургуулийн баг тамирчид тус тус шалгарч, шилдгээр шалгарсан баг хамт олныг Япон улсад зохион болох СТЕМ фестивальд оролцох эрхээр шагналаа. Мөн Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын зүгээс ирээдүйн энтрепренер, технологич инженер хүүхэд, багачуудаа дэмжин шалгарсан шилдэг гурван багийн сурагчдыг “Инновацийн төв”-д үнэ төлбөргүй бойжих эрхийн бичгээр урамшуулсан юм.
Цаашид Монголын Электрон төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо, Нийслэлийн дүүргүүдийн ЗДТГ, “Дүйнхэр тэргүүн” ХХК-тай хамтран “Роботек” роботын тэмцээнийг ЕБС-иудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулах аж.
Ж.Болор
相关新闻