“Монгол хүүхдүүд” баярын үеэр Сүхбаатарын талбайд бичил амьтны хүрээлэн ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2018-05-31 13:21:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан маргааш Сүхбаатарын талбайд болох “Монгол хүүхдүүд” баярын зохион байгуулагчид мэдээлэл хийв.

Баярын арга хэмжээ маргааш буюу зургадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд 09.00-17.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд албан ёсны нээлт 11.00 цагт болох юм. Баярын хөтөлбөрт хүүхдэд зориулсан урлагийн наадам, хөгжөөнт тоглоом, бичил амьтны хүрээлэн зэрэг багтсан бөгөөд Ерөнхий найруулагчаар УДЭТ-ын найруулагч С.Болд-Эрдэнэ ажиллаж байгааг Нийслэлийн соёл урлагийн газар (НСУГ)-ын дарга Ж.Дамдинсүрэн  хэллээ.

Эх үрсийн баярын өдөр автомашин улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Мөн Сүхбаатарын талбайн баруун болон зүүн талын автозамыг 09.00-17.00 цагийн хооронд хаахыг зохион байгуулагчид онцлов. Баярын өдрүүдэд цаг агаар хэт халж, хуурайших төлөвтэй тул хүүхдээ наршихаас сэргийлэх, ногоон бүсэд амарч, зугаалж яваа тохиолдолд ил гал гаргахгүй, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй анхаарууллаа. Түүнчлэн хүүхдүүдэд ил задгай борлуулж буй, наранд хэт халсан бүтээгдэхүүн авч өгөхгүй байх, тоглоом дээр хүүхдээ тоглуулах бол хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах шаардлагатайг НМХГ-аас санууллаа.

“Монгол хүүхдүүд” баярын арга хэмжээний үеэр Нийслэлийн цагдаагийн газрын 700 албан хаагч Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд хэв журмыг сахиулах чиглэлээр ажиллана. Харин НМХГ-ын 150 албан хаагч Сүхбаатарын талбайд хүнсний аюулгүй байдалд хяналт тавих юм. Баярын арга хэмжээний үеэр бага насны хүүхэд эцэг эхээсээ төөрөх тохиолдол цөөнгүй бүртгэгддэг. Тиймээс Сүхбаатарын талбайд төөрсөн хүүхдийг түр хамгаалах асрыг байрлуулах, хүүхдүүдэд эцэг, эхийн нэр, утасны дугаарыг бичих бугуйвчийг тараахаар төлөвлөсөн байна.
Г.Ариунболор
相关新闻