Зөвлөлдөх санал асуулгад 400 иргэн нийслэлчүүдийг төлөөлж оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн санаачлгаар энэ сарын 12-13-нд “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулгыг Төрийн ордонд зохион байгуулах болсон талаар өнөөдөр НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Стейнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн ахлах зөвлөх Г.Занданшатар нар мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотын өмнө тулгамдаад буй асуудлыг агаарын бохирдол, хөрсний бохирдол, автозамын түгжрэл зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилгоор 14 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Үүнд Улаанбаатар метро, Туул усан сан цогцолбор, Туулын хурдны зам, Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк, Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк, Эко парк байгуулах, Улаанбаатар хотын зүүн талд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах, Сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан техникийн шинэчлэлт хийх төсөл багтаж байна.
Мөн Угсармал орон сууцны барилгын дулааны алдагдлыг бууруулах, “Бага тойруу”-ийн хуучин барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах, Монгол наадам цогцолбор, Экологийн коридор байгуулах, Туул, Сэлбэ голын орчныг сэргээн сайжруулах болон Улаанбаатар хотыг хийн түлшээр хангах төслүүдэд иргэдийн саналыг авахаар тусгасан байна.
Нийслэлийн бүх иргэдийг зөвлөлдөх санал асуулгад оролцуулах нь хэт их цаг хугацаа шаардсан нүсэр ажил болох тул хараат бус байгууллагаар судалгаа хийлгэж, нас, боловсрол, ажлаараа бусад иргэдээ төлөөлж чадахуйц 400 иргэнийг сонгосон байна. Дээрх 400 иргэнд боловсруулсан 14 төслийг танилцуулж, аль төслийг нь нэн тэргүүнд хэрэгжүүлэх, ингэхдээ юунд анхаарах талаар иргэдийн саналыг авах юм.
Нийслэлийн удирдлагууд өнгөрсөн хугацаанд аливаа шийдвэр гаргахдаа иргэдийн санал, хүсэлтийг харгалзан үзэхийг хичээнгүйлэн ажиллаж ирсэн. Цаашдаа өөрсдийн саналыг иргэдээр дэмжүүлэх бус иргэдээс гаргасан санал, санаачилгыг бодлого шийдвэртээ тусган ажиллах зорилт тавин ажиллаж байгааг Е.Гэрэлчулуун дарга онцлон тэмдэглэв.
Зөвлөлдөх санал асуулгыг АНУ, Их Британи, Австрали, Дани, БНХАУ зэрэг оронд 40 гаруй удаа амжилттай зохион байгуулжээ. Иргэдийн дунд санал асуулга зохион байгуулснаар үнэн зөв, тэгш, тэнцвэртэй шийдвэр гаргах боломж бүрдэнэ гэдгийг хэвлэлийн хуралд оролцсон төлөөлөгчид хэлж байлаа.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр