“Өндөр гэгээн” дуулалт жүжгийг Орхон аймгийн үзэгчдэд толилуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-06-04 16:56:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УГЗ Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүтээл “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг энэ сарын 14-нд Орхон аймгийн Соёлын ордонд тоглохоор болжээ.

Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудоржийн зохиол, УГЗ, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар нарын хамтын бүтээл дуулалт жүжиг жил гаруй хугацаанд үргэлжилжээ. Жүжгийн нээлт өнгөрөгч 3 дугаар  сард Завхан аймгийн театрт болсон юм. 
Өндөр гэгээн Занабазар Монголын шашин соёлын  хөгжилд ямар хувь нэмэр оруулсан, ямар мэдлэг боловсролыг түгээж байсан, урлаач, уран бүтээлч хүний хувьд ямар гайхамшигтай хийцүүдийг өв болгон үлдээсэн гэдгийг эл бүтээлд тод томруун харуулжээ. Жүжигт Занабазар бага наснаасаа буддын сургаал номд шамдан суралцаж шашны номыг дэлгэрүүлэн олон түмний сэтгэл оюуныг дотроос нь гийгүүлж шинэ иргэншлийг төлөвшүүлэх үндэсний эв эеийг эрхэмлэн, эртний хүчирхэг улс гэрээ сэргээн мандуулахыг эрхэмлэж явсныг хувь хүнийх нь талаас нээн үзүүлжээ.
Халхын тамгатай 13 хутагтын 10 нь мэндэлсэн Завхан аймагт анхдугаар Богд Жавзандамба хутагтын гэгээн дүрийг амилуулсан тус уран бүтээл  нутгийн иргэдээс өндөр үнэлэлт авсан төдийгүй зохиолч, яруу найрагч Ц.Бавуудорж тус бүтээлээрээ Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит шагналыг хүртсэн билээ. Мөн “Гэгээн муза 2018” олон улсын театрын наадмаас “Шилдэг найруулагч”-ийн шагналыг Төрийн соёрхолт Т.Наранбаатар, шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг жүжигчин Ч.Лхагвадорж, шилдэг эрэгтэй туслах дүрээр Б.Сандуйжав “Гэгээн муза” гардсан юм.
Ж.Болор
相关新闻