“Алтан хальс индепендент кино наадам”-д 55 орны кино өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-06-06 13:16:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Соёл, урлагийн газар, “Алтан хальс” холбоо хамтран зохион байгуулж буй “Алтан хальс индепендент кино наадам” энэ сарын 2-8-нд “iCinema” кино театрт үргэлжилж байна.

Энэ удаагийн кино наадмыг “Хүүрнэлт кино”, “Хүүхэлдэйн кино”, “Баримтат кино”, “Эксперименталь кино” гэсэн төрлөөр зохион байгуулж байгаа юм. Энэ жил тус наадамд гадаадын 55 орны 487, Монголын 27 бүтээл ирсэн нь өнгөрсөн оноос өссөн. Уралдаант хэсэгт өрсөлдөхөөр шалгарсан 31 бүтээл тодорсноос 17 нь Монгол кино байна. Гадаадын алдартай найруулагч, уран бүтээлчдийг кино наадамд урьж оролцуулан, хичээл, хэлэлцүүлэг явуулж байгаа нь үр өгөөжтэй гэдгийг зохион байгуулагчид хэлж байв.

Энэ сарын 06-нд Унгарын найруулагч Дёрдь Пальфигийн ‘’Зогьсуулалт’’ (2002), 07-нд найруулагч Н.Уранчимэгийн  ‘’Аргамжаа’’  (1992), 08-нд Хаалтын үзвэрийг “Nguyen-ийг хэрхэн дуудах вэ?” буюу Кэрол Уэний урын сангаас үзэгчдэд толилуулах юм.
Наадмын уралдаант хэсэгт шалгарсан кинонуудыг үзэгчид хүрэлцэн ирж үзэх боломжтой. Шилдэг богино хэмжээний кино шалгаруулах шүүлтийг  Соёл урлагийн газрын дэлгэц, медиа урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн (PhD) Д.Цэнгэл, Бусаны олон улсын кино наадмын Ази кино урлагийн хөтөлбөр боловсруулагч Ким Ён-ү, Брисбейний олон улсын кино наадмын захирал Максин Уильямсон, “Алтан хальс” холбооны тэргүүн, найруулагч С.Бямба, Кэмбрижийн олон улсын оюутны Уотерспрайт кино наадмын продюсер, IEFTA холбооны "Global Film Expression" кино хөтөлбөрийн захирал Бернадетт Шрамм нар явуулж, шидэг бүтээлүүдийг зарлах аж.
Мөн энэхүү наадамд Германы найруулагч Юлиан Радлмайер, Олон улсын өсөж буй авьяаслаг кино уран бүтээлчдийн холбоо (IEFTA)-ны Дэлхийн кино илэрхийлэл хөтөлбөрийн захирал Бернадетт Шрамм, Бусаны олон улсын кино наадмын Ази кино урлагийн хөтөлбөр боловсруулагч Ким Ён-ү, бүтээлүүд нь 100 гаруй кино наадамд шалгарч байсан найруулагч Кэрол Уэн, Брисбений олон улсын кино наадмын захирал Максин Уильямсон, наадмаар гарах Кувейт киног бидэнд үзэх боломж олгож буй Кувейтийн соёлын яамны зочид, шинэ залуу найруулагчид зэрэг зочид төлөөлөгчид оролцож байна.
Кино наадмын хүрээнд үзэгчид авьяаслаг, чадварлаг, туршлагатай уран бүтээлчдийн тусгай хичээл, хэлэлцүүлгийг сонсож, суралцах боломж нээлттэй аж.
Ж.Болор
相关新闻