Хамтын тэтгэврийн тухай хуулийг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-03 15:21:33

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын 7 гишүүний өргөн мэдүүлсэн Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Энэ үеэр “Хамтын тэтгэврийн тухай хуулийг 2012 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хойших хугацаанд буцаан хэрэглэх” гэсэн зарчмын зөрүүтэй саналыг “Хамтын тэтгэвэр олгох хугацааны хамрах хүрээг Засгийн газар журмаар тогтооно” хэмээн томьёолохоор тогтов. Харин хуулийг бүхэлд батлах эсэх тухайд явуулсан санал хураалтыг явуулахад гишүүдийн олонх дэмжлээ.

Үүний дараагаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл  эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхэд гишүүдээс асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй тул хуулийг бүхэлд баталлаа.

Б.Туул

相关新闻