Баяннуурын Шороон бумбагар орчмоос 270 түүхийн дурсгал шинээр илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2018-06-11 13:34:44
Улаанбаатар/МОНЦАМЭ/.ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Юнескогийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар, Соёлын өвийн Үндэсний төвийн хамтарсан төслийн хүрээнд  Булган аймгийн Баяннуур сумын нутагт харьяалагдах Улаан хэрмийн ойролцоох Шороон бумбагарын орчимд археологийн дурсгалын судалгаа хайгуул хийж, 270 орчим түүхийн дурсгал илрүүлсэн талаар экспедицийн гишүүд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. 

2011 онд Монгол-Казахстаны хамтарсан археологийн судалгааны баг  Булган аймгийн Баяннуур сумын Улаан хэрмийн Шороон бумбагарт орших бурхант булшийг илрүүлсэн. Энэхүү бурхант булшийг 2012 онд улсын хамгаалалтад авсан төдийгүй хадгалж хамгаалах  зорилгоор  соёлын өвийн үндэсний жагсаалтад бүртгэжээ. Эдгээр олдвор нь манай эриний өмнөх үеийн Уйгурын язгууртны булш гэж үздэг. Өнгөрөгч сарын 17-28-ны хооронд “Улаан хэрмийн Шороон Бумбагар археологийн дурсгалыг хадгалах, хамгаалах, тогтвортой менежмент бий болгоход боловсон хүчнийг чадавхижуулах, олон нийтийн ухамсрыг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн 5 хүний бүрэлдэхүүнтэй баг археологийн дурсгалын хайгуул, бүртгэл судалгааг хийжээ. 
Тус төвийн мэргэжилтэн Г.Анхсанаа, “Хайгуулаар эртний хоёр хэрэм, нэг Шороон бумбагар болон хүрлийн үеийн 46 дөрвөлжин булш, 31 хиргисүүр, Хүннү гүрний үеийн 3 оршуулгын газарт 180 гаруй булш, 8 газраас хадны зураг, түрэгийн үеийн нэг тахилын онго, он цаг нь тодорхой бус 80 жижиг булш зэрэг нийт 270 орчим дурсгалыг шинээр илрүүлэн, бүртгэж, агаарын зургаар 450 дурсгалыг баримтжуулсан. Түүнчлэн өвөрмөц дүрслэл бүхий хүн чулуун хөшөөний хугархай, хятад бичээст хөшөөн хугархайг илрүүлэн соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд авсан" гэлээ.
Нүүдлийн соёл иргэншлийг судлах Олон улсын хүрээлэнгийн судлаач профессор А.Очир “Судалгааны явцад 24 хүн, нэг цагаан бар, нэг хөх луу, эмээл хазаартай хоёр морь, эртний туг далбааг дүрсэлсэн ханын зураг илэрсэн. Энэ нь бунхант булшны хамгийн хойд хязгаараас олдсон гэдгээрээ онцлог. Ханын зураг, эд өлгийн олдвор зүйлс нь түүх, аж үйлдвэр, шашин шүтлэгийн хөгжил дэвшил, соёл урлаг, гоо зүйн хувьсгалын мэдээлэл өгөхөөс гадна Монгол нутагт оршиж байсан эртний овог аймгуудын уламжлалт үнэт зүйлсийг дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой.Ханын зурагтай бүс нутгийг хангайн нуруу хүртэл тэлж өгсөн чухал судалгаа болсон" гэв.

О.Болорцэцэг
相关新闻