“Монголын сайхан бүсгүй-2018” тэмцээний тэргүүн миссээр Э.Энхриймаа тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-06-30 23:46:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад анх 1989 оноос "Сайхан бүсгүй" шалгаруулж эхэлсний 30 жилийн ойг угтан “Монголын сайхан бүсгүй-2018” 15 дахь удаагийн наадмын эцсийн шалгаруулалт өнөөдөр болж, тэргүүн миссийг тодрууллаа.

"Монголын эмэгтэйчүүдийн Хатан-Эрдэнэ” холбооноос зохион байгуулдаг тус тэмцээн хамгийн сүүлд 2007 онд Монголын сайхан бүсгүйг тодруулж байснаас хойш 11 жилийн дараа болсноороо онцлогтой. Тухайн үед миссийн тэмцээнийг олноор зохион байгуулж нийгэмд тус тэмцээний нэр хүнд унасан тул эргэн сэргэснийх нь дараа ийнхүү дахин зохион байгуулжээ.

Анхдугаар наадмын ялагч, Алтан эрдэнийн өргөмжлөлт Г.Биндэръяа тэргүүтэй сайхан бүсгүйчүүд энэ удаагийн тэмцээнд “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриан дор нийгэмд зөв бодол, зөв үйлдэл, зөв хандлагыг уриалахаар сэтгэл зүрхээрээ нэгдсэн байна.  Ижил төрлийн бусад тэмцээнээс ялгаатай нь модель, загвар өмсөгч мисс биш харин оюунлаг, хүмүүнлэг, авьяаслаг, жинхэнэ сайхан бүсгүйг тодруулахад наадмын зорилго чиглэж байв. Тиймээс уралдааны шалгаруулалтын явцад нас бага, загварын өнгө аястай, хандлага сөрөг зэрэг шалгуурыг чухалчилж үзжээ. Түүнчлэн АНУ тэргүүтэй дэлхийн бусад улс орны жишгийг дагаж, Усны хувцастай гарааг бүрэн халж, анх удаа Ажил мэргэжлийн гарааг бий болгон, хамгийн гол нь оюунлаг бөгөөд хүмүүнлэг чанарыг чухалчилснаараа онцлог гэдгийг зохион байгуулагчид хэлж байв.



Уралдааны оролцогч бүсгүйчүүд 19-27 насны, мэргэжлийн дуучин, балетчин, мөн эмч, багш, хуульч, эрх зүйч, нягтлан бодогч, архитектор гээд төрөл бүрийн салбарт ирээдүйн боловсон хүчин болохоор бэлтгэгдэж буй оюутнууд аж. Эцсийн шатанд үлдсэн 18 бүсгүй үндэсний хувцас, ажил мэргэжлийн хувцас, гоёлын даашинзтай үзүүлбэр толилуулсан юм. 

Тэмцээний эцсийн дүн гарахад тэргүүн миссээр Орхон аймгийн харьяат, СЭЗИС-ийн олон улсын нягтлан бодогч ангийн оюутан Э.Энхриймаа тодорч, Алтан эрдэнийн өргөмжлөл, 20 сая төгрөгийн шагнал, молор чулуун шигтгээ бүхий 999 сорьцтой цалин цагаан мөнгөн титмийн эзэн боллоо. Тэрбээр 21 настай, биеийн өндөр 174 см, биеийн жин 53 кг, ном унших дуртай аж.

Харин Дэд байрын эзэн Мөнгөн эрдэнийн өргөмжлөл, шигтгээт мөнгөн титэм, эрдэнийн шигтгээт “Мөнгөн од”, 10 сая төгрөг, Зэс, Шүр, Сувд, Оюу, Номин, Тана, Ган эрдэнийн өргөмжлөлт сайхан бүсгүйчүүд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн юм.

Тэргүүн миссийн титмийг Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн хүү Төрийн шагналт, зураач Я.Үржнээ анх урласан аж. 



1989 онд анхны сайхан бүсгүйгээр Н.Биндэръяа тодорход задгай загвартай титэм тэргүүндээ залсан. Түүнээс хойш хэсэг хугацаанд хааны титэм хэлбэр бүхий битүү титмийг ялагчид гардуулдаг байсныг сүүлд дахин задгай болгосноор өнөөдрийг хүртэл өөрчлөөгүй аж.

Ингээд "Монголын сайхан бүсгүй-2018" уралдааны 9 эрдэнийн өргөмжлөлт бүсгүйчүүдийг танилцуулж байна.
1.Ган эрдэнийн өргөмжлөл Н.Бадмаараг
2.Тана эрдэнийн өргөмжлөл Н.Тунгалагням
3.Номин эрдэнийн өргөмжлөл М.Ариунжаргал
4.Оюу эрдэнийн өргөмжлөл О.Олонбаяр
5.Сувд эрдэнийн өргөмжлөл О.Уярал
6.Шүр эрдэнийн өргөмжлөл Э.Амарзаяа
7.Зэс эрдэнийн өргөмжлөл Э.Туул
8.Мөнгөн эрдэнийн өргөмжлөлийн эзнээр М.Цэвэлмаа нар тус тус тодорсон юм.

“Зайсан хилл” цогцолборт болсон тус тэмцээний тасалбарын орлогыг “Нарны хүүхдүүд” асрамжийн төвийн “Монгол өв, соёл, гэр” төсөлд зориулах аж.  

Дашрамд дурдахад, дэлхийд нэр алдраа түгээж, хөгжмийн ертөнцөд олон рекорд амжилт тогтоосон "Black Eyed Peas" хамтлагийн реппер Apl.de.ap энэхүү наадмын тайзнаа Монголын үзэгчидтэй уран бүтээлээрээ уулзсан юм.
 
Ж.Болор

相关新闻