Газар тариалангаа дэмжсэнээр хүнсний ногооны хэрэгцээний 50 хувийг дотоодоосоо хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-07-04 10:29:47

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт газар тариалангийн ажлаа дэмжин, орон нутагтаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.  
2018 онд төмс 71,1 га-д, хүнсний ногоо 145,4 га-д, тэжээлийн ургамал 38,31 га-д, жимс, жимсгэнэ 24,67 га-д тариалсан нь өнгөрсөн онтой харьцуулбал тариалалт хийсэн талбайн хэмжээ 67 га-гаар буюу 37 хувиар өссөн дүнтэй байгаа юм. Энэ нь хураан авах ургацын хэмжээ нэмэгдэж, орон нутгийнхаа хүнсний ногооны хэрэгцээний 50 ба түүнээс дээш хувийг нутгийнхаа хөрсөнд ургасан хүнсний ногоогоор хангах боломжийг бүрдүүлж байна.
2017 онд орон нутгийн төсвөөс 569 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг газар тариалангийн салбарт зарцуулан ХААИС, БНСУ-тай хамтран “Говийн оюу” хөгжлийг дэмжих сангийн 199,57 сая төгрөгийн санхүүжилтээр Даланзадгад суманд “Хүлэмжийн цогцолбор аж ахуй” байгуулах ажлыг эхлүүлсэн билээ. Үүний үр дүнд 300 м2 хэмжээтэй 5 ширхэг зуны хүлэмж, орон нутгийн төсвийн 360,0 сая төгрөгөөр 1200м2 бүхий 2 ширхэг өвлийн хүлэмж барьж, хүлэмжийн талбайг 0,27 га талбайгаар нэмсэн юм. Харин 2018 онд шинээр 10 хүлэмжийг нэмж байгуулах, техник тоног төхөөрөмжөөр хангах, бүх төрлийн ногоог хадгалах нөөц боломжийг бүрдүүлэх, механикжсан зоорь барих зэрэг ажлууд хийж хэрэгжүүлэхээр орон нутгийн төсвөөс 916 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Д.Мишигсүрэн

相关新闻