Албан байгууллагуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай мэдэгдэл хүргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас тус аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын дарга, эрхлэгч нарт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдэгдэл хүргүүллээ.
Тус мэдэгдэлд хүүхдүүд гол, нуурын усанд осолдох, тогонд цохиулах, зам тээврийн осол, хэрэгт өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа талаар дурджээ. Түүнчлэн хүүхэд хохирох, амь насаа алдах үндсэн шалтгаан нь эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул, асран хамгаалах үүргээ биелүүлэхгүй байх, аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээд дотоод орчин, үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ хууль тогтоомжийг биелүүлдэггүй, стандартын шаардлага хангадаггүй, аливаа эрсдэлт хүчин зүйлийг илрүүлэх, арилгах талаар идэвх, санаачилга муу, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авдаггүй, эрх бүхий байгууллагаас авсан шаардлагыг үл биелүүлсэн зэрэг нийтлэг нөхцөл байдалтай холбоотой хэмээжээ.
Иймд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасны дагуу байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг арилгах талаар тодорхой ажил, арга хэмжээ зохион байгуулахыг шаардаж, үр дүнг энэ сарын 18-ны дотор ирүүлэхийг мэдэгджээ.
Дашрамд дурдахад, эхний зургаан сарын байдлаар 0-17 насны таван хүүхэд гэмт хэргийн хохирогч болж, 11 хүүхэд аюулт үзэгдэл, ослын улмаас амь насаа алдаад байгаа ажээ.
Ө.Нурболат