Хүнд даацын машин механизмын жолооч нарт талархал илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-07-25 11:12:35
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үүссэн гамшгийн үеийн нөхцөл байдалд энэ сарын 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 24 цагаар ажилласан уул уурхайн компани, аж ахуйн нэгж байгууллагуудын хүнд даацын машин механизмын жолооч нарыг аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа энэ сарын 24-ний өдөр хүлээн авч уулзан талархал илэрхийлж, өдрийн зоог барилаа.
Энэхүү уулзалтын хүрээнд аймгийн Засаг дарга Ш.Оргил сэтгэл зүтгэл гаргаж, амрах завгүй ажилласан эдгээр залууст мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэж талархал илэрхийлснийг аймгийн Онцгой комиссын гишүүд дамжуулан хүргэж, урамшууллыг гардуулан өглөө. Энэ үер аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Ц.Ууганаа, Б.Мөнхбаяр нарыг шагнасан байна.
Сүхбаатар суманд “Болд төмөр ерөө гол” компаниас Ц.Ууганаа, Б.Мөнхбаяр, “Рич Мөнх”ХК-иас Ч.Ганболд, Ч.Батболд, “Хөтөл цемент шохой”ХК-иас А.Орхонбаатар, Ц.Отгонсод, М.Ганбаатар, “Бугант нандин” ХК-иас Х.Батмөрөн, Э.Мандал, Н.Нэргүйбаатар, М.Шинэбаяр нарын жолооч, операторчид ажиллажээ. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас Тэвдэж явахад тэвнээр тусал” хэмээсэн монгол ардын сайхан үгийн биелэл болгож хүнд хэцүү нөхцөлд техникээ жолооч нартайгаа илгээсэн аж ахуйн нэгж байгууллагууддаа ийнхүү талархал илэрхийллээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻