Ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэхийг үүрэг болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЗам тээврийн сайд М.Зоригт энэ сарын 06-нд Налайх дүүрэг дэх “Томас эйр” ХХК, болон “Цонжин болдог” цогцолборын бүсэд орших “Нислэгийн төв”-ийн аэродромын үйл ажиллагаатай танилцах үеэрээ ИНЕГ-ын удирдлагуудад Ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэхэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхийг үүрэг болгов.
Монголын анхны хувийн аэродромыг байгуулагч “Томас эйр” ХХК нь 5 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компани “Пилатус ПиСи-6″, “Эйр Трактор АТ-602″, “Moon M-7″ зэрэг нийт таван агаарын хөлөгтэй, 1,2 км аэродромын зурвастай, -50 градуст тэсвэртэй, Альяскаас оруулж ирсэн өөрийн гэсэн ангартай юм. Монгол Улсын Ерөнхий зориулалтын агаарын тээврийн зах зээлийг хөгжүүлэхээр ажиллаж буй “Томас эйр” нь БОНХАЖЯ-тай хамтран ойн бүсийн хортон шавьжтай тэмцэх, агаараас хор цацах, мал, амьтан тоолох тооллогын нислэг, захиалгат нислэг амжилттай үйлдэж байна хэмээн Гүйцэтгэх захирал Х.Бүрэн-Эрдэнэ танилцууллаа.
Төлбөрт болон түрээсийн үндсэн дээр үйлдэх хуваарьт болон захиалгат нислэгээс бусад иргэний нисэхийн нислэг буюу Ерөнхий зориулалтын нислэг манай улсад хөгжихгүй байна. Учир нь эрх зүйн орчин дутагдалтай байгаагийн дээр жижиг онгоцоор бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд төр хяналт тавьж оролцдог, аливаа алдаа дутагдал гарвал төрийн хэмжээнд яригддаг зэрэг “айдас” оршиж байгаа нь энэ салбарт бизнес эрхлэгчид бойжих боломжийг хааж байна гэдгийг компанийнхан болоод Монголын Ерөнхий зориулалтын Агаарын тээврийн холбооныхон ярьсан юм.
Ч.Ариунболд