Нярайн 40 хувь нь амьсгал хямарлын хам шинжээр энддэг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-07-27 15:59:53
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 2018 оны эхний хагас жилийн байдлаар 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл их гарчээ. 1000 амьд төрөлтөд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 27,2 байгаа нь улсын дунджаас 10,3 промилээр их байгаа юм. Хүүхдийн эндэгдлийн дотор нярайн эндэгдэл зонхилж байгаа ба нярайн эндэгдлийн 40 хувь нь амьсгал хямарлын хам шинжээр, 30 хувь нь бүтэлтээр, 20 хувь нь төрөлхийн хөгжлийн гажгаар, 10 хувь нь золгүй тохиолдлоор эндсэн байна.

Иймд нярайн эндэгдлийн гол шалтгаан болж байгаа дутуу нярайд голлон тохиолдох амьсгал хямарлын хам шинж, бүтэлттэй төрсөн нярайд үзүүлэх тусламжийн талаарх эмч мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг сайжруулах зайлшгүй хэрэгцээ шаардлага гарсан учраас “Нярайд зонхилон тохиолдох эмгэгийн оношилгоо, эмчилгээ” сургалтыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, аймгийн Эрүүл мэндийн газар хамтран энэ сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгууллаа.



Сургалтын хичээлийг ЭХЭМҮТ-ийн нярайн эмгэг судлалын тасгийн зөвлөх, хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор С.Энхтуяа заажээ. Сургалтад сумын ЭМТ-үүдийн хүүхдийн болон эх барихын тусламж хариуцсан эмч нар, өрхийн эмч, НЭ-ийн нярайн эмч, хүүхдийн эмч, нярайн сувилагчид гээд нийт 43 эмч мэргэжилтнүүдийг хамруулан мэдлэг олголоо.

Тус сургалтад Дэлхийн зөн- Монгол ОУБ Архангай ОНХХ-2-оос санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Б.Гэрэлт-Од
相关新闻