Унзад, Голч нарын тэмцээнд Гунгаачойлин хийдийн лам С.Болдбаатар тэргүүн байр эзэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2018-08-05 21:35:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмын үзэр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулсан Унзад, Голч нарын тэмцээн өндөрлөж, өнөөдөр дүнгээ танилцууллаа.

Уг тэмцээнд нийт 7 лам оролцсоноос хоолойн цар хүрээ, номын эрдмээрээ нийслэлийн Гунгаачойлин хийдийн лам С.Болдбаатар тэргүүн байр эзэлж, Дондүнлин хийдийн лам Ч.Батбаатар удаалав. Харин Дундговь аймгийн Дашгэмпэлин хийдийн лам Э.Чимэд гутгаар байранд шалгарсан юм.

Сүм хийдүүдийн хурал уншлагын зан үйлийн гол тушаалтан бол Унзад болон Голч нар юм. Унзад нь хийдэд ном хурж буй лам нарыг удирдан уншигч юм. Тиймээс Унзад хүн бол хоолойн цараа өндөртэй, чанга эвлэг дуу хоолойтой байх ёстой аж. Харин Голч лам гэдэг бол унзадын хамжаа түшиг юм. Өөрөөр хэлбэл, унзадын дуу хоолойг түрэн арын мөрөнд суугаа лам нарт түгээн хүргэгч нарыг хэлдэг байна. Голч нарыг газар бүрт харилцан адилгүй нэрлэдэг байжээ. Жишээ нь одоогийн Баянхонгор аймгийн нутагт оршдог Ламын гэгээний хийдийн голч лам нарыг “Гайсамба” буюу “Чанга тод дуутан” гэсэн утгаар нэрлэдэг. Одоогийн Хэнтий аймгийн нутагт буй “Гүндү Гаравлин” хийдийн голч нарыг “Гадайв” буюу “Дуу түгээгч” гэсэн үгээр нэрлэдэг байжээ.
Ч.Ариунболд
相关新闻