“Соёлын биет бус өвийн их наадам”-д 700 гаруй ардын авьяастан өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2018-08-11 19:13:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний соёл урлагийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, спортыг хөгжүүлэх зорилго бүхий “Нүүдэлчин Монгол 2018” наадмын хүрээнд “Соёлын биет бус өвийн их наадам”-ын уралдаан тэмцээнүүд Хүй долоон худагт үргэлжилж байна.

Соёл урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батбаяр, “Соёлын биет бус өвийн их наадам”-ын I шатны шалгаруулалт энэ оны эхний хагас жилд аймаг орон нутагт зохион байгуулсан. Өнөөдрийн наадамд I шатны шалгаруулалтаас шилдгээр шалгарсан нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 700 гаруй ардын авьяастан, гар урчууд, 2000 гаруй үндэсний спортын тамирчид оролцож байна. Мөн наадмын хүрээнд соёлын өв уламжлал, ардын урлагийн чиглэлээр аймгууд өөрсдийн отог, гэр, асрыг байрлуулж  урлагийн тоглолт, үзэсгэлэнгээ зохион байгуулж байна. 21 аймаг нутаг нутгийн онцлог, шинж чанаруудыг харуулсан гар урлал, цагаан идээ, хоолны үзэсгэлэн худалдаа гэх мэт олон соёлын өв уламжлалаа түгээн дэлгэрүүлж байна. Мөн Хүй долоон худагт байгуулсан Бага тайзан дээр аймгуудын урлагийн тэмцээн, Төв талбайд ерөөлч, магтаалч, цол дуудах уралдаан өрнөж байна” гэв.
Д.Болор-Эрдэнэ
Гэрэл зургийг Н.Батбаяр
相关新闻