Мазаалай хамгаалах төсөл албан ёсоор эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/Мазаалай хамгаалах төслийн Монголын талын удирдагч БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа энэ сарын 17-ны өдөр тус төслийн хятадын талын судлаач, эрдэмтдийг хүлээн авч уулзлаа.
Энэхүү уулзалтад МУИС, Биологийн хүрээлэн, Мазаалай сангийн мазаалай баавгайн судлаач, эрдэмтэд оролцож төслийн хүрээнд хийгдэх судалгааны ажлын талаар санал солилцлоо.
Төслийн үйл ажиллагааг эхлүүлэхээр БНХАУ-ын Ойн академийн Ойн экологийн орчныг хамгаалах хүрээлэнгийн долоон судлаач наймдугаар 13-наас есдүгээр сарын 28-ныг дуустал Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт орших Говийн их дархан газрын А хэсэгт байрлан хээрийн судалгаа хийх юм.
Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн солилцох захидалд үндэслэн БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын говийн мазаалай баавгайг хамгаалах техникийн туслалцаа үзүүлэх төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу Монгол Улсын говийн мазаалайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг энэ оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан юм. Энэхүү төсөл нь 2018 оноос гурван жилийн хугацаатай Монгол Улсын Говийн их дархан цаазат газрын А хэсэг (ГИДЦГ-А)-т хэрэгжинэ.
Хятадын талаас БНХАУ-ын Ойн академийн Ойн экологийн орчныг хамгаалах хүрээлэн тус төслийн хэрэгжүүлэгчээр ажиллах ажээ.