Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр арьс шир боловсруулах үйлдвэртэй болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Тэлмэн суманд арьс шир боловсруулах үйлдвэртэй болжээ. Тус үйлдвэрийг иргэн Д.Шаравсамбуу “Арьс шир боловсруулах, элдэх, бэлтгэн худалдах”нэртэй төслийг бичиж сум хөгжүүлэх сангаас 11 сая төгрөгийн зээл авч, байгуулжээ.
Энэхүү арьс шир боловсруулах, элдэх, бэлтгэн худалдах үйлдвэр нь өдөрт 150 ширхэг хурганы арьс, 30 ширхэг нэхий, хоёр ширхэг үхрийн шир үйлдвэрлэх хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар хоёр хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна.
Тус үйлдвэр элдсэн үхрийн ширийг 250 мянган төгрөгөөр, хонины нэхийг 21.000 төгрөгөөр, хурганы арьсыг 15 мянган төгрөгөөр зах зээлд борлуулж байгаа ажээ. Үйлдвэрийнхээ гол түүхий эд болох малын арьс ширийг орон нутгаасаа бэлддэг бөгөөд иргэдийн хүсэлтээр үхрийн ширийг 50.000-80.000 төгрөгөөр, хонины нэхийг 20.000 төгрөгөөр, хурганы арьсыг 5.000 төгрөгийн төлбөртэйгээр элдэж өгдөг байна. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө нь иргэдэд хамгийн бага хүүтэй зээл олгож, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, ядуурал, ажилгүйдлийг бууруулах зорилготой юм. Энэ хөрөнгийг өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг, нэмэлт санхүүжилт шаардлагатай иргэдэд олгож иргэдийг байнгын ажлын байртай, сум орон нутагтаа хэрэгцээ шаардлагатай жижиг үйлдвэрлэлийг бий болгож байгаа нь сум хөгжүүлэх сангийн гол ач холбогдол юм хэмээн Тэлмэн сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Б.Мягмарсүрэн