Ө.Сувдаа: Бид аймгийнхаа давуу талуудыг ашиглан зорилгоо тодорхойлсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-09-11 22:00:29
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас энэ онд аймгийн Ногоон хөгжлийн урт хугацааны бодлого, бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байгаа юм.  Энэхүү Ногоон хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, батлах ажлын явц ямар байгаа талаар аймгийн ЗДТГ-ын дарга,  аймгийн Ногоон хөгжлийн бодлогыг боловсруулах ажлын багийн ахлагч Ө.Сувдаатай уулзаж хөөрөлдлөө.
-Сэлэнгэ аймаг Ногоон хөгжлийн бодлогоо боловсруулж эхлээд байгаа гэж сонслоо. Энэхүү ажлын явц аль шатандаа байгаа талаар тодруулж өгөөч. Сэлэнгэ аймаг маань газар тариалангийн бүс гэдгээрээ онцлогтой аймаг шүү дээ?
-Манай аймаг “Сэлэнгэ аймгийн тогтвортой хөгжлийн бодлого-2030” бодлогын баримт бичгээ боловсруулсан. Энэ баримт бичгээ аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд танилцуулж, саналыг нь авсан. Ногоон хөгжлийн бодлого маань салбар тус бүрээр хэрэгжихээр энэхүү төсөлд тусгагдсан. Бид эрхэм зорилгоо байгаль орчин, дэд бүтэц, газар зүйн байршлын давуу талаа ашиглан эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлэх, иргэнээ дэмжиж, санхүүгийн хувьд бие даасан, чадварлаг засаглал бүхий хөгжлийн түүчээ аймаг болохоор тодорхойлсон. Энэ маань дунд хугацааны барим бичиг. Тиймээс стратегийн шинжтэй хамгийн чухал тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, хэрэгжүүлэх арга хэмжээгээ нарийвчлан төлөвлөсөн. Энэхүү баримт бичиг 6 бүлэгтэй. Нийтдээ 14 дэд бүлэгт 25 зорилт дэвшүүлж, 98 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 2018-2023 он хүртэл 1 дүгээр үе шат, 2024-2030 он хүртэл 2 дугаар үе шат хэрэгжинэ. БОАЖЯ, ШХА/ГОУХАН-ийн Тогтвортой хөгжлийн боловсрол төсөлтэй бодлогын баримт бичиг боловсруулж эхлэхээс өдийг хүртэл тодорхой сургалтууд, дэмжлэг авч амжилттай хамтран ажиллаж байна. Бидний үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа БОАЖЯ болон ТХБ төсөлд талархаж байгаагаа илэрхийлье.
-Энэ ногоон хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрхэн боловсруулав. Мэдээж аймгийн хэмжээний учраас нэлээд ажил болсон болов уу, гэж бодож байна. Иргэд байгууллагуудтай хэрхэн уялдаж ажилласан бол. Энэ бичиг хэзээ боловсруулагдаж дуусан хэзээ батлагдах бол . . .?
-Бидний зүгээс энэхүү бодлогын баримт бичгээ боловсруулахаасаа өмнө аймгийн төр нийгмийн ахмад зүтгэлтнүүд, бизнесийн төлөөлөл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, боловсрол соёл, аялал жуулчлалын салбарынхан, иргэдээ оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, санал асуулга явуулсан. Тиймээс төслийн хэрэгжүүлэлтээ ч хамтран хийнэ. Ер нь бид салбар салбарын онцлог давуу талыг ногоон хөгжилтэйгээ уяж тусгахыг гол болгосон. Өнөөдөр дэлхий нийтийн байгаль цаг уурын байдал жилээс жилд хувьсан өөрчлөгдөж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн учруулж болох таагүй нөлөө нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд ялангуяа хүн амын орлогод сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа. Тиймээс түүнд тохирсон байгаль экологийн талаар баримтлах бодлого, нийгэм эдийн засгийн тогтолцоогоо дасан зохицуулах, өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Мэдээж бидний боловсруулсан баримт бичиг бодитой, үр дүнтэй сайн хэрэгжихэд цаг хугацаа шаардагдана. Үр ашгаа өгч, амжилттай сайн хэрэгжүүлэхийн тулд бүхий л чиглэлд, бүх  салбаруудтайгаа хамтран ажиллана. Ингэж байж үр дүн нь гарна. Үр дүн бол хамтын хүчээр гарах зүйл. Бид энэ ондоо багтаагаад энэхүү бодлогын баримт бичгээ аймгийн ИТХ-аараа батлуулахаар төлөвлөөд байгаа.
-Энэхүү үйл ажиллагаанд аймгийн ЕБС-иуд нэлээд идэвхитэй оролцож байгаа гэсэн. Энэ маань боловсролын тогтолцоонд хийгдэж буй шинэчлэл болох цөм хөтөлбөр буюу Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаа, арга зүйг суурь боловсролын сургалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлж буйтай холбоотой болов уу. Энэ талаар таны бодол . . .?
-Манай аймгийн сургуулиуд ногоон хэв маягийг сайн хэрэгжүүлж ажиллаж байгаа. Энэ чиглэлийн төсөл хөтөлбөрүүдэд ч амжилттай хамрагдан хэтийн зорилго зорилтоо тодорхойлон түүндээ хүрэх арга замаа төлөвлөн ажиллаж байгаа. Мөн ТХБ төслөөс зарласан төслийн уралдаанд ч амжилттай оролцон тодорхой төсөл хэрэгжүүлэх санхүүгийн дэмжлэгийг авсан. Аймгийн Ногоон хөгжлийн бодлого түүний үйл ажиллагааны төлөвлөгөөг цааш үргэлжлүүлэн авч явах хүмүүс бол яах аргагүй ирээдүй хойч үе маань. Иймээс хүүхдийг гэр бүл, сургуулийн хүмүүжил, боловсролоор дамжуулан тогтвортой хөгжил, ногоон амьдралын хэв маягаар хүмүүжсэн иргэн болгон төлөвшүүлэхэд сургууль гол үүрэгтэй. Иймээс ч бид боловсролын салбарыг бодлого боловсруулахдаа оролцуулж, тодорхой арга хэмжээг хамтран зохион байгуулан дэмжин ажиллаж байна. Дан ганц боловсролын салбар гэлтгүй төрийн байгууллагууд, төрийн албан хаагчидаа ч ногоон оффиссыг ажилдаа, албан өрөө тасалгаандаа хэрэгжүүлж ажиллахыг чухалчилж байгаа. Энэ чиглэлийн сургалтуудад ч хамруулж байна.
-Бодлогын баримт бичиг боловсруулах ажилдаа ямар байгууллагуудаас дэмжлэг авч байна. Аймгийн ЗДТГ-аас хандаж хүсэлтээ илгээсэн гэсэн. Энэ талаар . . .?
-Бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсэгт суурь ойлголтыг өгүүлэх, мэргэжлийн зөвлөгөө, удирдамжаар хангуулах хүсэлтийг аймгийн ЗДТГ-аас БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс (ЦТХОҮХ) болон Швейцарийн хөгжлийн агентлаг (ШХА)-ийн дэмжлэгтэй, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (ГОУХАН)-ээс хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөлд (ТХБ төсөл) хандан хүсэлт гаргасан байгаа. Үүний дагуу БОАЖЯ, ТХБ төслөөс дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.
Ч.Отгонцэцэг
相关新闻