Их Британи эхний ээлжийн 1000 дүрвэгчийг хүлээн авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-17 10:24:49

ЛОНДОН. /Xinhua/. Дүрвэгсдийн асуудлыг зохицуулах Засгийн газрын схемийн хүрээнд Их Британи эхний ээлжийн 1000 дүрвэгчийг хүлээн авлаа гэж тус улсын Ерөнхий сайд Дэвид Камерон өчигдөр мэдэгдэв.

Христийн мэндэлсний баярын үеэр 1000 дүрвэгч хүлээн авна гэсэн амлалтаа Их Британи биелүүллээ гэж Камерон парламентдаа тодруулга хийх үеэрээ мэдэгджээ.

“Христийн мэндэлсний баярын үеэр 1000 дүрвэгчийг хүлээн авна гэсэн амлалтаа бид биелүүллээ. Лондон хотын “Станстед” нисэх онгоцны буудал болон Белфаст хотод өчигдөр онгоцууд бууснаар 1000 гаруй дүрвэгчийн асуудлыг шийдсэн. Мөн өнөөдөр дахин нэг онгоц бууна” гэж мэдэгдсэн байна.

“Дүрвэгсдийг орон гэртэй болгож, тэдний эрүүл мэнд, боловсролын асуудлыг зохицуулах санхүүжилтийг Засгийн газраас олгож байгаа бөгөөд уг ажилд шаргуу оролцсон эрх баригчид, ажилтнуудад талархал илэрхийлье. Их Британи хүлээсэн үүргээ биелүүлнэ гэж би хэлсэн бөгөөд эхний ээлжийн 1000 дүрвэгчийг хүлээн авснаар бид эхлэлээ амжилттай тавилаа” гэж тэрбээр мэдэгдэв.

"Эмзэг давхаргын хүмүүсийн асуудлыг зохицуулах" схемийн дагуу дүрвэгсдийн асуудлыг зохицуулах ажээ. Уг схемийн дагуу ирэх таван жилд эмзэг давхаргын 20 мянган сирийг Их Британи хүлээн авна гэж Камерон есдүгээр сард мэдэгдсэн билээ.

Д.Нямтулга

 

Related news