Обама Японд уриаллаа

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-01-06 11:56:44

ВАШИНГТОН. /Yonhap/. Дайны үед Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийг Япон цэргүүд бэлгийн боолоо болгож байснаас үүдэлтэй хоёр улсын хурцадмал байдлыг намжаах арга хэмжээ авахыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Японд уриаллаа.

Өмнөд Солонгос, Япон хоорондын маргааныг зохицуулах чухал гэрээг талууд өнгөрсөн долоо хоногт байгуулсантай холбогдуулан Обама уг уриалгыг гаргасан гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн орлогч Бен Родс мэдэгджээ.

Хоёр улсын маргааныг зохицуулж, Японтой найрсаг харилцаатай болох нь Өмнө Солонгосын хүсэл болохыг Обама дурдаад, уг асуудлыг зохицуулах гэрээг хоёр улс 12 дугаар сарын 28-нд байгуулсныг сайшаасан гэж Родс мэдэгдэв.

Мөн тэрбээр, эдгээр маргааныг зохицуулахад гарч буй дэвшил бүрийг АНУ-ын Засгийн газар дэмжих болно гэж мэдэгдсэн байна.

Сөүл болон Токио хооронд байгуулсан гэрээ нь хоёр улсын харилцаанд үүсээд байсан хамгийн том саадыг авч хаясан бөгөөд БНХАУ-ын нөлөө өргөжин тэлж буй бүс нутаг дахь хоёр холбоотонтойгоо хийх аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх АНУ-ын хүчин чармайлтад гайхалтай дэвшил гаргах боломжийг олгосон юм.

Хоёр улсын байгуулсан гэрээний хүрээнд, дэлхийн II дайны үед солонгос эмэгтэйчүүдийг бэлгийн боолоо болгон ашиглаж байснаа Япон албан ёсоор хүлээн зөвшөөрч, хохирогчдод нэг тэрбум иений нөхөн олговор олгохоор тохиролцсон байна. Япон гэрээгээр хүлээсэн дээрх үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд Өмнөд Солонгос уг маргааныг таслан зогсоохоор болжээ.

Д.Нямтулга

 

Related news