Герман цагаачдаа Австри руу буцааж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-01-12 11:40:47

БЕРЛИН. /ВВС/. Герман улс 2016 оны эхний өдрөөс эхлэн зөрчилтэй дүрвэгсдийг Австри руу өдөр бүр буцааж байна.

Германд болон Скандинавын бусад оронд орогнол хүссэн өргөдөл гаргаагүй эсвэл бичиг баримтын зөрчилтэй хүмүүсийг Австри руу буцааж байгаа аж. Австри руу буцааж байгаа дүрвэгсдийн олонх нь Афганистан, Марокко, Алжирын иргэд бөгөөд Германаас Австри руу буцаасан дүрвэгсдийн тоо арванхоёрдугаар сараас хойш өдөрт 60-200 болж нэмэгдээд байна.

Үүний зэрэгцээ шинэ жилийн үдэш Кельн хотноо охид, эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлсэн хэрэгт дүрвэгсдийг буруутгаж байгаа билээ. Энэ хэрэг Германд олон мянган дүрвэгсдийг хүлээж авах амлалт өгсөн Канцлер Ангела Меркелийг эсэргүүцэхэд хүргэжээ.  Халдлагад сэжиглэн Хойд Африк, Араб гаралтай 19 хүнийг мөрдөн шалгаж байгаа аж. Кельн хотын цагдаагийн газарт  гэмт хэргийн 500 гаруй гомдол бүртгэгдсэний  40 хувь нь бэлгийн дарамт, хүчирхийллийн хэрэг аж.

Германд өнгөрсөн онд 1.1 сая орчим дүрвэгч ирсэн байна.

Х.Сарнай

 

 

Related news