Монголын эдийн засгийн өсөлт 2015 онд хамгийн их буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-02-22 13:39:47

НЬЮ-ЙОРК. /bloomberg/. Түүхий эдийн ханш унаснаар эдийн засгийн өсөлт нь буурч, хөрөнгө оруулагчидтай үүссэн маргаанаас үүдэн гадаадын хөрөнгө оруулалт нь зогссоны улмаас Монголын ДНБ-ий өсөлт 2015 онд сүүлийн 6 жилд байгаагүйгээрээ буурчээ.

Монголын эдийн засаг 2015 онд 2.3 хувиар өссөн байна гэж тус улсын Үндэсний статистикийн газрын цахим хуудсанд мэдээлжээ. Тус улсын эдийн засаг 2011, 2012, 2013 онд хоёр оронтой тоогоор өсөж байсан боловч 2014 онд 7.8 хувь болж буурсан билээ.

Дэлхийн зах зээлд түүхий эдийн ханш унасан нь Монголын эдийн засгийн өсөлт буурах болсон хамгийн том шалтгаан юм гэж Улаанбаатар хотод төвтэй Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс хэлэв.

Монгол Улс 2014 онд уул уурхайн 4.79 тэрбум долларын бүтээгдэхүүн экспортолсон бол 2015 онд энэ үзүүлэлт 23 хувиар буурч, 3.68 тэрбум доллар болсон байна. Уул уурхайн бүтээгдэхүүн Монголын экспортын 79 хувийг бүрдүүлдэг.

Нүүрсний ханш буурч, экспортын орлого 849 сая доллароос 555.9 сая доллар болж буурсан байна. Харин зэсийн экспортын орлого 2014 онд 2.57 тэрбум доллар байсан нь 2015 онд зэсийн экспортын хэмжээ нэмэгдсэн хэдий ч орлого нь 2.28 тэрбум доллар болж буурчээ.

Гадаад хөрөнгө оруулалт буурсан нь

6.6 тэрбум долларын хөрөнгө оруулалттай “Оюутолгой” зэсийн ордын ил уурхайн бүтээн байгуулалтыг хийж байх үед буюу дөрвөн жилийн өмнө Монголын эдийн засаг 17 хувиар өсөж байсан.

“Эдийн засгийн өсөлтөд гадаадын хөрөнгө оруулалт маш чухал үүрэгтэй бөгөөд түүхий эдийн ханш унасны улмаас гадаадын хөрөнгө оруулалт буурсан” гэж Б.Түвшинтөгс хэлэв.

2014 онд Монгол 381.9 сая долларын хөрөнгө оруулалт гадаадаас татсан бол 2015 онд 39 хувиар буюу 232 сая доллар болж буурсан. Харин 2012 онд тус улсад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.45 тэрбум долларт хүрч байжээ. “Оюутолгой” ордын далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хийхтэй холбоотой Монголын Засгийн болон “Рио Тинто” групп хоорондын маргаан удаан үргэлжилсний улмаас тус улсын гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсан байна.

ДНБ-ий өсөлт 4.1 хувьтай байна гэсэн таамгийн 2016 онд Монголын төсөвт тусгасан тухай Сангийн яамны санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга Н.Мандуул мэдэгдэв.

Уул уурхайн халаг

Монголын эдийн засгийн өсөлт 2015 онд 2.3 хувь, 2016 онд 3.1 хувь, 2017 онд 3 хувь байна гэж Дэлхийн банк урьдчилан таамагласан байна.

“Оюутолгой” ордын зэсийн баяжмалын олборлолт бага, дэлхийн түүхий эдийн зах зээлийн байдал сул байх бөгөөд үүнтэй холбоотойгоор 2016-2017 онд Монголын уул уурхайн олборлолт буурна гэж Дэлхийн банк 11 дүгээр сард гаргасан эдийн засгийн тайландаа дурджээ.

Үүнээс гадна, уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт сэргэснээр, жилийн дунд үеийн сүүлчээр уул уурхайн томоохон хөрөнгө оруулалтад шаардлагатай үйлчилгээ, бүтээгдэхүүнийг нийлүүлэх үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх төлөвтэй байгаа бөгөөд уул уурхайн бус салбарууд дахь өсөлт сул хэвээр байх болно гэж Дэлхийн банк үзжээ.

“Бодлогын алдаа”, “бодлогын тогтворгүй байдал”-ын улмаас улс төрийн эрсдэл үүсэж байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчдад саад учруулж байна. Ядаж байхад ирэх зургадугаар сард УИХ-ын сонгууль болно гэж Б.Түвшинтөгс хэлжээ.

Мөн тэрбээр, “Монголын эдийн засагт хөл тавих хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх сайн мэдээллийг би харахгүй байна. Жишээ нь, Монголын бондын ханш 12 хувь даваад байна. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчид бондыг худалдаж авахгүй, хүлээж байгааг харуулж байна” гэж мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Related news