Тендерийг цахим хэлбэрт шилжүүлсэнээр 182 тэрбум төгрөг төсвөөс хэмнэв

Монголын мэдээ
gantuya@montsame.mn
2016-02-24 15:48:42

Шийдлийн Засгийн газраас зохион байгуулдаг “Шийдлийн цаг” уулзалт өнөөдөр Худалдан авах ажиллагааны газарт /ХААГ/ болж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус байгууллагын үйл ажиллагаатай нь танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний заавар чиглэл өглөө.

Худалдан авах ажиллагааны газар 2013-2015 онд 53 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгжид худалдан авах ажиллагаатай холбоотой зөвлөгөө, үйлчилгээг үзүүлж, 726 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулжээ. Мөн 2013 онд улсын хэмжээнд нийт тендер шалгаруулалтын 22 хувийг, 2014, 2015 онуудад нийт тендер шалгаруулалтыг 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулсан байна.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 1100 багц тендер зарласан бөгөөд үүнтэй холбоотой 208 гомдол ирсэний 186 нь үндэслэлгүй байсан гэж тус газрын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Отгонбаатар танилцуулж байв. Мөн тус газар тендерийг цахим хэлбэрт шилжүүлснээр нийтдээ 182 тэрбум төгрөгийг төсвөөс хэмнэсэн гэлээ. Үүнээс гадна цахим тендерийн үр дүнд ХААГ авлигын эсрэг үзүүлэлтээр улсад хоёрдугаарт орсон байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа цахим системд шилжсэнээр тодорхой ахиц дэвшлүүд гарч байна. Бүх яам, агентлагууд 2016 онд худалдан авах бараа, ажил, үйлчилгээ, хөрөнгө оруулалтынхаа захиалгыг 3 дугаар сарын 10-ны дотор ХААГ-т ирүүлэх, тендер зарлах, шалгаруулах, гэрээ байгуулах ажиллагааг 5 дугаар сарын эхний 7 хоногт багтаан зохион байгуулж, эхлүүлэх хэрэгтэй. Одоогийн байдлаар зарим яам, агентлаг бараа, ажил үйлчилгээнийхээ захиалгыг гүйцэт ирүүлээгүй байгаа учраас Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг танилцуулж, захиалгаа яаралтай ирүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгоно” гэж хэллээ.

Мөн цахим тендерийг бүртгэж, дүгнэхэд цахим гарын үсэг чухал ач холбогдолтой учраас аж ахуйн нэгжүүдийг гарын үсэгжүүлэх ажлыг ойрын хугацаанд тус газартай хамтран зохион байгуулж дуусгахыг МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаад даалгалаа.

Аж ахуйн нэгжүүдийн татвар, нийгмийн даатгалын өр төлбөр, гэрээний үүргээ зөрчсөн эсэх талаар мэдээллийг цахим хэлбэрээр 4 дүгээр сарын 1-ний дотор гаргах нөхцлийг холбогдох байгууллагууд бүрдүүлж ажиллах, цахим тендерийн системд холбогдсон төрийн байгууллагуудтай гэрээ байгуулах ажлыг эхлүүлэх, холбогдоогүй байгууллагуудыг холбож, системийг бүрэн ажиллуулахыг албаны хүмүүст үүрэг болголоо.

Үүнээс гадна ХААГ-аас дотооддоо үйлдвэрлэж байгаа, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүний мэдээллийг багтаасан каталогийг гаргах ажлыг эхлүүлэхийг үүрэг болгоод Засгийн газраас цаашид төсвийн байгууллагуудаас гадна төрийн өмчийн оролцоотой компаниуд ч нээлттэй, ил тод цахим тендерийн системийг ашиглах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг Ерөнхий сайд тодотголоо.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

Related news