Наадмын өдрүүдэд 94 хүний амийг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-15 14:18:10

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабт ажиллаж, 21 аймгийн Шуурхай штабтай цахимаар холбогдон өнөөдөр үүрэг чиглэл өглөө.


Улсын хэмжээнд 21 аймаг, нийслэл, есөн дүүргийн Шуурхай штабт Онцгой байдал, гамшгаас хамгаалах албадын 513 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Баяр, наадмын өдрүүдэд буюу энэ сарын 10-14-нд бүртгэсэн 66 удаагийн гамшиг, аюулт үзэгдлийн дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 94 иргэний амь насыг авран хамгаалсан байна. 


Харин Сэлэнгэ, Баян-Өлгий, Увс, Хэнтий, Завхан, Баянхонгор, Өвөрхангай аймаг болон нийслэлийн Баянзүрх дүүрэг нийт 14 хүн гол, усанд амь насаа алдсаны хоёр нь уруйн үерт өртөж, амь насаа алдсан мэдээлэл бүртгэжээ.


Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан үерийн аюулаас хамгаалах далан, суваг, шуудуунд тогтмол үзлэг шалгалт хийж, гарц, урсацыг нээх, хяналт тавих, ой, хээриийн түймэр, үер, усны ослоос урьдчилан арга хэмжээг тухай бүрт зохион байгуулах, цаг агаарын мэдээ, мэдээллийг хүртээмжтэй хүргэх, олон нийтийн оролцоог хангах, аймаг, нийслэл, сум, дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагуудын хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах зэргийг үүрэг болголоо.






Related news