Олборлолтыг бууруулах гэж буйтай холбогдуулан газрын тосны үнэ өсөх төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2018-12-10 11:06:54

ВАШИНГТОН. /Xinhua/. Энэ сарын эхний долоо хоногийн эцсийн байдлаар газрын тосны үнэ бага зэрэг өсөв. Түүнчлэн ирэх нэгдүгээр сар гэхэд West Texas Intermediate (WTI) төрлийн газрын тосны үнэ 3.3 хувиар, “Brent” маркийн газрын тосны үнэ 5 хувиар тус тус өсөх төлөвтэй байна.


Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орон харилцан нэмэлт татвар ногдуулахгүй байхаар тохиролцсоны дараа хийгээд Катар улс “ОПЕК”-оос гарахаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт газрын тосны үнэ бага зэрэг өссөн юм. Тухайн үед “WTI” төрлийн газрын тосны үнэ 53 орчим ам.долларт хүрсэн бол “Brent” маркийн газрын 61 гаруй ам.долларт хүрчээ.


57 жилийн турш “ОПЕК”-ийн гишүүн байсан Катар улс ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тус байгууллагаас гарах гэж байгаа тухайгаа олон нийтэд өнгөрсөн даваа гарагт зарласан билээ. Үүнээс хойш гурав хоногийн дараа буюу пүрэв гарагт “ОПЕК”-ийн уулзалт эхэлж, тус байгууллагын гишүүн орны төлөөлөгчид дэлхийн газрын тосны бодлогыг шинэчлэх тухай хэлэлцэж эхэлсэн юм.


Өнгөрсөн баасан гарагт “ОПЕК”-ийн гишүүн орнууд болон ОХУ зэрэг орны төлөөлөгчид ирэх онд газрын тосны үнийг унахаас сэргийлж, олборлолтыг бууруулахаар тохиролцсон байна. Үүний дараа “WTI” төрлийн газрын тосны үнэ 1.12 ам.доллароор, “Brent” маркийн газрын 1.61 ам.доллароор өсжээ.


Австрийн Вена хотноо зохион байгуулсан уулзалтын хоёр дахь өдөр “ОПЕК” болон түүний холбоотон орнуудын тохиролцсоноор, 2019 оны эхний зургаан сард газрын тосны олборлолтыг 1.2 сая баррелиар бууруулахаар болжээ. Ингэснээр “ОПЕК”-ийн гишүүн орнууд өдөрт олборлох газрын тосны хэмжээг 800 мянган баррелиар, харин “ОПЕК”-ийн гишүүн бус орнууд 400 мянган баррелиар тус тус бууруулахаар тохиролцжээ.


Газрын тосны олборлолтын хэмжээг бууруулах нь үнэд хэрхэн нөлөөлөхийг газрын тосны шинжээчид ажигласан хэвээр байгаа бөгөөд 2019 оны санхүүгийн жилд газрын тосны үнэ ихээхэн нэмэгдэнэ гэж зарим ажиглагч үзэж байна. 

Related news