Д.Чойжамц:Ёс зүй, хуулиа сахивал хямралыг сайн сайхнаар даван туулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц Монголын нийт сүсэгтэн олонд XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн мэндчилгээ дэвшүүлж, айлдвар айлдлаа.
“Цагаан сар бол төв Азийн цээжинд тусгаар тогтносон, өвөрмөц соёл уламжлалтай Монгол хэмээх сайхан улс байдаг гэдгийг илтгэсэн баяр юм. Монголчууд Цагаан сарын баярыг олон зууны турш тэмдэглэж ирсэн. Биднийг өөрийн гэсэн соёл, уламжлал, зан заншилтай улс гэдгийг илтгэн харуулдаг, түүхийг сануулдаг үнэхээр сайхан баяр” гэдгийг гавж Д.Чойжамц айлдварынхаа эхэнд онцлов.
Мөн тэрбээр ирэх гахай жилийн ерөнхий төлөв, өнгө, ноён нуруу ямар байх
талаар, “Хүн төрөлхтөн хүний бие махбодь, орчлон ертөнцийн хоорондын харилцан
холбоо, шүтэн барилдлагыг тооцон үзсэний үндсэн дээр хүний амьдралын магадлалыг
гаргадаг. Энэ
жил ахмадад амгалан, залууст дунд,
нялхаст тааруу гэж зурагдсан. Нялхас гэдэгт нялх хүүхэд төдийгүй, өөрийн бодолгүй, бусдыг даган дуурайдаг хүнийг мөн хэлж байгаа юм. Тиймээс ул суурьтай,
мэдлэгийн үндсэн дээр дүгнэж, эрдэмтэн мэргэдээ сонсож, үнэн бодит чиглэлээр цааш хөгжих учиртай. Цаг
агаарын хувьд, энэ жил ус хур элбэг гэх боловч мөндрөөс болгоомжлох хэрэгтэйг малчид, тариаланчид анхаарахад
гэмгүй. Засаг төрийн хувьд хямралтай. Хямрал гэдэг эв зохицол алдах гэсэн хэрэг шүү
дээ. Бид үүнийг сэтгэл зүрхэндээ бодож, ийм зүйл болгохгүйн төлөө зүтгэх ёстой. Зурхай гэдэг хувьсан өөрчлөгддөг шинж чанартай учраас бие биетэйгээ
зохицон, найрсан, эвлэн байж, үнэн зөвөө олж явах нь зүйтэй юм. Ёс зүй гэдэг манай нийгэмд
гарцаагүй хэрэгтэйт байна. Ёс зүйг эрхэмлэн дээдлэхгүй бол нийгэм урагшлахгүй
гэдэг нь ил боллоо. Тиймээс ёс зүй, хуулиа
сайн баримталснаар хямралыг сайн сайхнаар даван туулж чадна” гэв.
Түүнчлэн, “Урвуулагч" хэмээх шороон гахай жил гэхээр хүмүүс урвах, шарвах талаас нь буруу ойлгож
магадгүй. Энэ нь ёгт
нэр шүү дээ. Хааш нь ч урвуулан бодож болно. Муу юмыг сайнд урвуулж болох
талтай. Тиймээс амьдралаа сайн сайхнаар авч явж болно гэдэг утга агуулагдаж
байгаа юм. Аливаа зүйл шүтэн барилдлагын хүчин дээр оршин тогтнодог болохоос
хэзээ ч хөдөлшгүй гэдэг зүйл атом молекул, эд эсээс бүтсэн ертөнцөд байхгүй,
байнгын хувьсалд байдаг учир сайнд урвуулж болно. Хүн ер нь ямар сайн сайхан, муу муухай зүйл хийсэн, түүнийхээ
үрийг л амсдаг. Тиймээс өмнөх жилүүдэд бүтээсэн олон сайхан зүйлдээ
суурилж, түүнийгээ авч урагшилбал сайхан жил болно” гээд айлдварынхаа төгсгөлд, “Ирж
буй шороон гахай жилдээ монголчууд даяараа аз хийморь, буян хишиг нь дэлгэрч,
энх тунх, эв эетэй, насан хутаг оршин, улс орны минь хөгжил улам бүр дэлгэрэн
бадрах болтугай” хэмээн ерөөлөө.