Монгол улс тэргүүний техник технологи, боловсон хүчинг татах хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
khandmaa@montsame.gov.mn
2019-05-10 11:47:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МОНЦАМЭ агентлагийн хятад хэлээр хэвлэн гаргадаг “Мөнгү Шяоши бао” сонинд нийтэлсэн, Хятадын төмөр замын 20-р товчооны Монгол дахь салбарын төслийн менежер, ерөнхий инженер Ши Жичянтай хийсэн ярилцлагыг толилуулж байна. Хятадын 20-р товчооны Монгол дахь салбар нь Яармагийн шинэ гүүр болон замын цагдаагийн газрын ойролцоох гүүрний бүтээн байгуулалтын ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа юм.

 

-Юуны түрүүнд, та өөрийгөө танилцуулна уу?

-Миний бие Хятадын 20-р товчооны Монгол дахь салбарын Улаанбаатар хотын гүүрний төслийн менежер, Яармагийн гүүр болон замын цагдаагийн газрын ойролцоох гүүрний бүтээн байгуулалтын ажлыг хариуцан ажиллаж байна. 10 жилийн өмнө Хятад улсын Шанси мужийн ШУТИС-ийн газар төлөвлөлтийн инженерийн ангийг төгссөний дараа энэ компанидаа тасралтгүй ажиллаж байна. 2016 онд анх Монголд ирснээс хойш аль хэдийн 3 жил өнгөрчээ.

-Анх удаа Монгол Улсад ирсэн хүний сэтгэгдлийг сонсвол...?

-Би урьд нь Өвөр Монголд  2 жил гаруй амьдарсан. Энд ирэхээс өмнө, эндхийн монголчуудын амьдралын хэв маяг Өвөр Монголынхтой төстэй гэж бодож байлаа. Харин ирсэн хойноо их ялгаатайг анзаарлаа. Монголчуудын амьдрал барууны соёл, амьдралын хэв маягт нэлээд автсан. Хэл, сэтгэлгээ, идэш уушны тал дээр Өвөр Монголоос өөр байна.

-Танд Монголоос юу нь хамгийн их таалагдав?

-Монголын онгон зэрлэг байгаль хамгийн их таалагдлаа. Цэв цэнхэр тэнгэр, нов ногоон тал нь хүний  сэтгэлийг үнэхээр уужруулах юм.

-Харин өвөл нь...?

-Өвөл бас л, байгалийн өвөрмөц сайхныг мэдэрч болно. Цав цагаан цасанд би их дуртай. Өвөл хэдийгээр хүйтэн ч халаалттай учир өрөөнд дулаан, тиймээс оффисын ажилд бол нөлөөлөх зүйл байхгүй. 4 дүгээр сарын дундуур цас ороход зургийг нь аваад найз нар луугаа явуултал “4 дүгээр сард үнэхээр цас ордог юм уу” гээд л дуу алдацгаан гайхаад байж билээ. Одоо Хятадад бол аль хэдийн зуны хувцастаа орсон байгаа.

-За одоо, гол яриандаа орцгооё. Хятадын төмөр замын 20-р товчооны талаар танилцуулна уу?

 -Хятадын төмөр замын 20-р товчоог 1948 онд анх байгуулснаас хойш 70 жил өнгөрчээ. Нийт 3 тэрбум 130 сая юанийн дүрмийн сантай, 33 тэрбум юанийн хөрөнгөтэй, 19 охин компанитай, 3775 ширхэг барилгын янз бүрийн тоног төхөөрөмжтэй. Хятадын бүх муж болон гадаадын улс оронд бүтээн байгуулалтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. 70 жилийн хугацаанд  100 гаруй төмөр зам, 100 гаруй авто зам, 500 гаруй трамвай, метро, онгоцны буудал зэрэг барилга байгууламжаас гадна ус ашиглалт, цахилгаан нийлүүлэлт зэрэг салбар луу орж байна. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгө, аж үйлдвэрийн бүтээн байгуулалт, ложистикийн худалдаа, төмөр замын тээвэр, ногоон байгаль, инженерийн хяналт, зураг төсөв, боловсролын сургалт, зочид буудал, нийтийн хоол, хөдөө аж ахуй зэрэг барилга бүтээн байгуулалтын бус үйл ажиллагааг ч эрхэлж байна.

-Танай компани хөдөө аж ахуйн салбар руу хүртэл оржээ?

-Тийм. Бид Африкийн Мозамбикт хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж, тутарга тарьж цагаан будаа болгон боловсруулж байна. Одоо энэ маань Африкийн нэртэй брэнд бүтээгдэхүүн болоод байна.

-Тэгэхээр корпорац гэж ойлгож болох уу?

-Тийм. Манайх олон улсад аль хэдийн танигдсан корпорац. Хятадад 14 охин компанитай, мөн Монгол, Ангол, Мозамбик, Пакистан зэрэг оронд 5 охин компанитай. Одоогийн байдлаар, албан ёсны ажиллагсдын тоо 20 мянгад хүрээд байна.

-Монгол дахь салбарынхаа үйл ажиллагааны талаар танилцуулбал...?

-2016 оноос албан ёсоор бүртгүүлж, Монголд салбар компаниа байгуулсан. Одоогийн байдлаар, Монгол Улсад хоёр том төсөл хэрэгжүүлээд байна. Яармагийн шинэ гүүр, замын цагдаагийн газрын ойролцоох гүүр. Цаашид, Улаанбаатар хотын бусад бүтээн байгуулалтад оролцохыг ихэд хүсэж байгаа. Тэр ч бүү хэл, Монгол Улсын бусад бүтээн байгуулалтын төсөлд ч идэвхтэй оролцоход бэлэн  байна. Жишээ нь, Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжүүлж буй Улаанбаатараас Дархан-Уул хүрэх авто замыг  шинэчлэх төсөл, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл гэх мэт. Манай салбарын зорилго нь Монголд урт хугацаанд бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх явдал юм.

Одоогоор 42 хятад ажилтан, 13 монгол ажилтантай. Бүгд удирдах түвшний хүмүүс. Яармагийн гүүрний ажлыг үндсэндээ гүйцэтгэж дууссан. Энэ жил мэргэжлийн хяналтад шалгуулаад  Монгол Улсын засгийн газарт хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байна. Үүнээс гадна, бид энэ жилийн 9 дүгээр сард Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрний төслийн ажлыг хийж дуусгаад, 10 дугаар сард албан ёсоор Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.

-Яагаад хятад компаниуд заавал Монголд ирж, хөрөнгө оруулж, бүтээн байгуулалтын ажилд оролцож байгааг зарим хүмүүс асуух байх. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Хятад компаниуд дэлхийн олон оронд ажилладаг. Монгол Улс бол зөвхөн тэдгээр орнуудын нэг. Манай корпорацын хувьд, одоогоор дэлхийн 13 оронд нэгэн зэрэг бүтээн байгуулалтын ажил явуулж байна. Мөн  Хятад улс “Бүс ба зам” санаачилгыг дэвшүүлсэн. Монгол Улсын ерөнхийлөгч “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад саяхан амжилттай оролцоод ирсэн. Хятад улс өөрчлөлт шинэчлэл, нээлттэй хаалганы бодлого хэрэгжүүлээд, даруй 40 гаруй жил өнгөрлөө. Энэ 40 гаруй жилийн өмнө, Хятад улс техник, тоног төхөрөөмж, эдийн засаг зэрэг бүхий л талаараа хүндрэл бэрхшээлтэй тулгарч байлаа. Иймд, эхлээд бусад орны тэргүүний техник, технологи, сэтгэлгээг нэвтрүүлж, туршлага судалж суралцсан юм. Гол нь, Хятад улс болон Хятадын ард түмэн нээлттэй хаалганы бодлогыг хэлбэрэлтгүй тууштай баримталсан тул, манай улс ийм  хурдан хөгжиж байна. Тэгэхээр Хятад улсын адил Монгол улс тэргүүний техник технологи, боловсон хүчинг татан оруулах хэрэгтэй юм.

-Дээр өгүүлсэн төсөлд танай компани хөрөнгө оруулсан уу?-

-Энэ хоёр төслийн хөрөнгийн гол эх үүсвэр нь, Хятадын засгийн газраас нийлүүлж буй хөнгөлөлттэй зээл. Гэхдээ бүтээн байгуулалтын явцад ажлыг хэвийн явуулах хөрөнгө мөнгө тасалдаж байсан. Ажлыг үргэлжлүүлэхийн тулд, манай компани өөрөөсөө хөрөнгө мөнгө гаргаж байсан тохиолдол бий. Нийтдээ 8 сая юань гаргаж байсан.

-Цаашид  иймэрхүү байдал үүсвэл танай компани бас хөрөнгө  оруулах уу?

-Төслийн хэвийн үйл ажиллагаа нь хугацаат төлбөр тооцоотой салшгүй холбоотой. Хэрэв үйл ажиллагааны явцад дахин иймэрхүү асуудал гарвал компанийн зүгээс бас л чадах ядахаараа арга хэмжээ авах болно.

-Танай компанийн монгол ажиллагсад яг ямар үүрэг хариуцлага хүлээдэг вэ?

-Тэдний ихэнх нь инженер, орчуулагч, нягтлан бодогч нар байдаг.

-Тэдний ажлын ур чадварыг та хэрхэн үнэлж байна вэ? Хятад ажиллагсадтай харьцуулахад, ямар давуу болон сул тал байна вэ?

-Бүгд л өөр өөрийн гэсэн давуу талуудтай. Хятад, монгол ажилчид маань байнга хоорондоо  харьцаж, харилцан суралцаж, туршлагаа солилцож байна. Монгол ажилчид ажилдаа сэтгэлээсээ, хичээнгүй ханддаг, өөдрөг, сэтгэлийн тэнхээтэй. Хятад ажилчдын хувьд, анх удаа Монгол ирж байгаа болохоор хэл нэвтрэлцэхгүйн зовлон байна. Тэдний сэтгэлгээ нь монгол ажилчдаас өөр. Тэгэхдээ инженерийн бүтээн байгуулалтын техник, технологийн тал дээр илүү чадвартай.

Монгол ажилчдын дутагдалтай тал гэснээс, бидний ажил улирлын чанартай, нэг эхэлсэн бол тасралтгүй үргэлжлүүлж дуусгадаг онцлогтой. Энэ үед амралтын өдөр гэж байхгүй гэхээр та нар их гайхах байх л даа. Тэгэхээр манай монгол ажилчид илүү цагаар ажиллах жаахан дургүй. Амралтын өдөр ажилладаггүй болохоор хятад ажилчдаас хөдөлмөрийн бүтээмж нь арай бага байдаг юм.

-Ингэхэд танай компанийн монгол ажиллагсдын дундаж цалин хэд вэ?

-Манай монгол ажилчдын дундаж цалин 1 сая 800 мянга, дээд тал нь 2 сая 200 мянган төгрөг. Дээр нь өдрийн гурван хоол, байрлах зардлыг компаниас даадаг юм.

-Улаанбаатарын замын түгжрэлийн асуудал метро барьснаар нэлээд цэгцэрнэ гэж нэг хэсэг их ярьсан. Та энэ талаар юу гэж бодож байна?

-Тийм шүү. Энэ талаар ярьж байсан. Улаанбаатар хотын геологийн тогтоц нь зүүнээс баруун тийш сунасан, нэлээд урт, өмнөөс хойших чиглэлийн зай нь харьцангуй богино. Тэгэхээр баруунаас зүүн тийш шугаман чиглэлийн метро барьчихвал, замын түгжрэлийн асуудлыг үндсэндээ шийднэ гэж боддог.

-Мэргэжлийн хүн болохоор тань асуумаар санагдлаа. Таван толгойн төмөр замын төслийн ажлын талаар болон өргөн, нарийн царигийн талаар бодлоо хэлж болох уу?

-Энэ төслийн талаар би сонсож байсан. Компанийн зүгээс энэ төслийн ажилд оролцох маш их сонирхолтой байгаа. Инженерийн үүднээс харахад, ямар царигтай байх нь төмөр замын тээвэрлэлтэд огтхон ч нөлөөлөхгүй, зүгээр л хоёр орны стандарт нь өөр байна гэсэн үг. Энэ бол технологийн асуудал биш. Ер нь бол төмөр зам барих нь асар их ач холбогдолтой. Эхэндээ маш их хөрөнгө оруулалт шаардагддаг ч хожим нь өгөх ашиг нь асар их юм.

-Танай компанийн эрхэлдэг салбар их өргөн юм. Ирээдүйн төлөвлөгөөг тань сонсвол...?

-Манай компани ямар ч тохиолдолд үйл ажиллагаандаа идэвхтэй байр суурийг баримтална. Бидний хийж чадах л зүйл байвал, идэвхтэй тууштай оролцоход бэлэн байна.

-Та Монголд байдаг гадаадын хөрөнгө оруулалттай компанийн төлөөллийн хувьд, бизнес эрхлэх орчинг хэрхэн үзэж байна вэ?

-Бид Монгол улсын холбогдох хууль тогтоомжуудыг байнга анхаардаг. Энэ жил Монгол Улсын Их хурал хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт  орууллаа. Ихэнх гадны компаниуд, дээр нь дотоодын компаниуд ч ямар нэгэн хэмжээгээр дэмжлэг авахыг хүсэж байгаа. Бидний хүсэл бол гадаадын компаниудыг илүү анхаарч үзээсэй л гэж хэлэх байна даа.

-Хамгийн сүүлийн асуулт. Та манай уншигчдад хандаж юу хэлмээр байна вэ?

-Гадаадын компани Монгол Улсад ирж инженерийн бүтээн байгуулалт хийж байгаа нь хотын хөгжил дэх тулгамдсан асуудлыг шийдвэрлэх дэд бүтцийг сайжруулах, хотын иргэдийн замын хөдөлгөөнийг улам тав тухтай байлгахын төлөө юм. Нөгөө талаас ажил ид  өрнөж байх явцад хотын иргэдэд, мэдээж ямар нэгэн хэмжээгээр хүндрэл учирдаг. Энэ бол яалт ч үгүй юм. Бид ч мөн энэхүү хүндрэлийг аль болох чадах чинээгээрээ багасгахыг хичээдэг. Төслийг бүрэн хэрэгжүүлсний дараах ач холбогдол маш их учраас Монголын өргөн олон ард түмэн бидний ажлыг ойлгож дэмжинэ гэдэгт найдаж байна.

                                                                                                                                                                                          Б.Мөнхтуул

 

 

 

 

 

 

 

 

Related news