Мария Шарапова “US Open” тэмцээний эхний тойрогт Серена Уильямстай учраа таарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА. /TASS/. ОХУ-ын теннисчин Мария Шарапова "US Open" тэмцээний /Америкийн нээлттэй тэмцээн/ эхний тойрогт АНУ-ын тамирчин Серена Уильямстай тоглоно гэж тус тэмцээний хэвлэлийн алба мэдээлжээ.
Эмэгтэйчүүдийн тэмцээний сугалаа пүрэв гарагт явагдсан байна. Мария Шарапова, Серена Уильямс нар WTA буюу Эмэгтэй теннисчдийн холбооны ивээл дор зохиогддог тэмцээнүүдэд 22 удаа хоорондоо тоглож байсан боловч Америкийн нээлттэй тэмцээнд анх удаа учраа таарч буй юм.
Өдгөө 32 настай Шарапова одоогийн байдлаар Эмэгтэй теннисчдийн холбооны чансаанд 87 дугаарт жагсаж байна. Оросын тамирчин WTA-гийн 36 тэмцээнд түрүүлжээ. Шарапова Францын нээлттэй тэмцээнд хоёр удаа Америкийн нээлттэй тэмцээнд нэг удаа, Уимблдоны тэмцээнд мөн нэг удаа аваргалсан байна.
Эмэгтэй теннисчдийн холбооны чансаанд наймдугаарт бичигдэж байгаа Серена Уильямс карьерынхаа туршид WTA-гийн тэмцээнүүдэд 72 удаа, Их дуулгын цуврал тэмцээнүүдэд 23 удаа аваргалжээ. Тэрбээр WTA-гийн чансааг 186 долоо хоног дараалан тэргүүлсэн бөгөөд энэ үзүүлэлтээр Германы тамирчин Штеффи Графтай эхний байрыг хуваалцдаг байна. Серена Уильямс нь Олимпын дөрвөн удаагийн аварга юм. 2012 оны Лондоны Олимпын наадмын ганцаарчилсан төрөлд түрүүлсэн бол, Сидней, Бээжин, Лондоны наадамд эгч Винус Уильямсын хамт хосын төрөлд алтан медаль хүртсэн билээ. Америкийн тамирчин ирэх сарын 26-нд 38 нас хүрнэ.