Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил улирал харгалзахгүй үргэлжилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдээр Дорноговь аймагт ажиллаж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
“Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д тусгасны дагуу барьж буй 414.6 км төмөр
замын ажил тус аймгийн Мандах, Зүүнбаян суманд зэрэг үргэлжилж байгаа юм.
Ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб,
туслан гүйцэтгэгчээр одоогийн байдлаар дотоодын 15 аж ахуйн нэгж ажиллаж байна.
Төмөр замын доод суурийн ажлыг гүйцэтгэж буй компаниудын ажлын гүйцэтгэл
харилцан адилгүй ч 10 дугаар сарын 20-н гэхэд төлөвлөгөөт ажлаа дуусгана гэж
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцууллаа.
Гэхдээ улирлын чанартай тавьсан энэхүү хугацааг сунгах, хүйтний улиралд ч
гэсэн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх боломжтой эсэхийг лавлахад, аж ахуйн
нэгжүүд 12 дугаар сарын сүүл хүртэл ажил гүйцэтгэх боломжтой гэсэн юм.
Нэг талаас эдгээр компани нь нэгэнт хүн хүч, техник
хэрэгслээ татаж, байрлан ажиллаж байгаа тул хуваарьт ажлаа дууссаны дараа
Тавантолгой чиглэл рүү үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саналыг дэмжиж, 12 дугаар сар
хүртэл төмөр замын суурийн далангийн бэлдэц болоод туслах замын ажлуудыг хийх
боломжтой гэж үзлээ. Ингэснээр 2 дугаар сарын сүүлч, 3 дугаар сарын эхээр доод
бүтцийн ажилдаа шуурхайлан орох боломж бүрдэх юм.
Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан явсан Зам
тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга,
хошууч генерал А.Ганбат, “Монголын төмөр зам” ТӨХК, УБТЗ ХНН-ийн
удирдлагууд болон газар дээрээ ажиллаж байгаа албан тушаалтнууд арванхоёрдугаар
сар хүртэл үргэлжлэх тус тусын ажил үүргийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Энэ сард багтан үе угсрах бааз ашиглалтад орж, 20 мянган
ширхэг буюу 5 км бетон дэр хэдийн үйлдвэрлэсэн байхад Зүүнбаян чиглэлээс 10 км
төмөр замын ажил дөнгөж 25 хувьтай үргэлжилж байгаа асуудалд анхаарал
хандуулахыг Ерөнхийлөгч ЗХЖШ-ын удирдлагуудад үүрэг болгов. Үүнээс гадна замын
зураг төслийн ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК, УБТЗ ХНН-ийг хамтраад шуурхай
дуусгахыг анхаарууллаа.
Мөн аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэлийг хянаж, гүйцэтгэлийнх нь дагуу мөнгийг нь олгох байдлаар дэмжин ажиллаж, их бүтээн байгуулалтынхаа ажлын зохион байгуулалтын менежментийг өөрчилж, ажлыг эрчимжүүлэх үүрэг өгөв.