Онцгой байдлын 20 алба хаагч энхийг сахиулах үүрэг гүйцэтгэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагааны IX ээлжид үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг өнөөдөр үдлээ.
Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг “Онцгой байдлын албаны алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2012 оноос эхлэн тасралтгүй оролцож, 280 гаруй алба хаагч дэлхийн энх тайвныг батлан хамгаалахад хүчин зүтгэж Онцгой байдлын алба төдийгүй Монгол Улсын нэр хүндийг олон улсад өндөрт өргөн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж байгаад баяртай байна. Нэг жилийн хугацаанд та бүхэн гэр бүл, үр хүүхдээсээ хол, цэрэг байлдааны талбарт очиж ажиллана. Бие бялдрын болоод сэтгэл санааны бэлтгэл сайтай байх ёстой. Та бүхнээр Онцгой байдлын албаныхан бахархаж байгаа” хэмээн бие бүрэлдэхүүнд амжилт хүслээ.
Тэрбээр Онцгой байдлын албаны тугийг
есдүгээр ээлжийн бие бүрэлдэхүүнийг ахалж яваа ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах
бригадын мэргэжилтэн, ахмад Г.Батсүхэд гардуулсан юм.
НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах
ажиллагааны IX ээлжид Онцгой байдлын
албаны 20 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.