Нийслэлийн цагдаагийн автопаркыг 20 машинаар шинэчлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Цагдаагийн газрын автопарк 20
гаруй автомашинаар шинэчлэгдэв.
ОХУ-д үйлдвэрлэсэн сүүлийн үеийн “Лада” автомашиныг нийслэлийн Цагдаагийн газрын албан хаагчдын тайлангийн хурлын үеэр Д.Сүхбаатарын талбайд хүлээлгэн өгөв. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хэлэхдээ, “Ирэх жилүүдэд цагдаагийн байгууллагын бааз суурь, техник тоног төхөөрөмжийг сайжруулж парк шинэчлэл хийхэд онцгой анхаарч ажиллана" гэдгээ мэдэгдлээ.
Тэрээр, "2020 онд туулах чадвар өндөртэй 65 автомашинаар парк шинэчлэл хийхээр төлөвлөөд байна. Нийслэл хотын хөгжлийн гол шалгуур үзүүлэлтийн нэг бол иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах явдал байдаг. Тиймээс энэ чиглэлийн үйл ажиллагааг сайжруулахад анхаарч, дэмжиж ажиллана.
Мөн 2020 онд Яаралтай түргэн тусламжийн газрын парк шинэчлэлийг хийхийн зэрэгцээ Улаанбаатар хотын хэмжээн дэх хяналтын камеруудыг шинэчилж сайжруулж, нэгдсэн стандарт мөрдүүлдэг болно” гэдгийг мэдэгдэв.
Нийслэлийн Цагдаагийн газрын албан хаагчдын тайлангийн
хуралд НИТХ-ын дарга Р.Дагва болон хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн
Цагдаагийн газрын удирдлагууд, ажилтан албан хаагчид оролцож, 2019 онд ажил үйлсээрээ
манлайлсан цагдаагийн албан хаагчдыг шагнаж урамшууллаа.
Тайлангийн хурлаар цагдаагийн байгууллагаас олон нийтийн хандлагыг өөрчлөх зорилгоор “Нэг хором”, “Яараад яахав дээ”, “Ойлгоё Хүндлэе” зэрэг нийгэмд үр өгөөжөө өгсөн аянуудыг зохион байгуулж амжилттай хэрэгжүүлснийг танилцуулсан юм.
Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн зүгээс Нийслэлийн цагдаагийн газарт шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэх тал дээр дэмжлэг үзүүлэн ажилласны үр дүнд 2019 онд Улаанбаатар хотын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг 20 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 10 гаруй хувиар өсжээ.