"Калашников" шинэ ухаалаг буугаа танилцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
МОСКВА. /TASS/.
Оросын "Калашников" компани таблеттай холбогддог “МР-155 Ultima” шинэ ухаалаг буугаа "Арми-2020" цэрэг техникийн чуулга уулзалт эхлэхийн өмнө
танилцуулжээ.
“Энэ нь нэг шатаар ахисан явдал юм. “МР-155 Ultima” нь энэ чиглэлд бидний хийж буй анхны бүтээгдэхүүн бөгөөд үүнийг бид цаашид хөгжүүлэх болно. “Ultima”-г бид механикийн үйлдвэрт үйлдвэрлэнэ” гэж “Калашников” компанийн ерөнхий захирал Дмитрий Тарасов ярьжээ. Шинэ “МР-155 Ultima” ухаалаг буу 2021 оны эхээр худалдаанд гарах аж.
Ням гарагт эхэлсэн “Армия-2020” чуулга уулзалтын үеэр “Калашников” компанийн бүлэгт багтдаг “ZALA Aero” компани HD форматаар бичлэг дамжуулдаг анхны конвертоплан нисгэгчгүй нисдэг тэргээ танилцуулжээ. Босоо чиглэлд хөөрч, буудаг “ZALA 421-16EV” нисгэгчгүй цогцолборыг нисэх онгоц болон нисдэг тэрэгний холимог төрлөөр бүтээсэн байна. Тусгай тоноглогдсон хөөргөх талбарыг заавал ашиглах шаардлагагүй болсон нь энэ нисгэгчгүй нисдэг тэрэгний гол давуу тал нь аж.
“Армия-2020” олон улсын цэрэг техникийн чуулга
уулзалт ОХУ-ын Зэвсгэт хүчний “Патриот” үзэсгэлэн төв, “Алабино” талбайд болон
Кубинка хотын нисэх онгоцны буудлуудад 8 дугаар сарын 23-наас 29-ний хооронд
болох юм байна.