“Apple” шинэчилсэн ухаалаг цагаа танилцуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2020-09-16 11:10:51

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Apple” компани цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ болон далайн түвшнээс дээших өндрийг хэмжигчтэй “Apple Watch Series 6” шинэчилсэн ухаалаг цагаа мягмар гарагт танилцууллаа. Танилцуулах арга хэмжээг тус компанийн цахим хуудсаар дамжуулжээ.


“Apple Watch”-д унтах хугацааг хянах, гарын хөдөлгөөнд автоматаар хариу өгөх, гар угаах хугацааг санал болгож буй 20 секундийн турш хянах, мөн зүрхний цохилтыг хэмжих хөдөлгөөн мэдрэгч зэрэг маш дэвшилтэт технологийг ашигладаг гэж “Apple” компанийн захирал Жефф Уильямс танилцуулгын үеэр онцолсон байна.


Түүний хэлснээр, “Apple Watch Series 6” ухаалаг цагт цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг ердөө 15 секундийн дотор хэмждэг мэдрэгч суурилуулжээ. Түүнчлэн уг цаг нь далайн түвшнээс дээших өндрийг харуулдаг өндөр хэмжигчтэй аж.


Шинэ цаг нь хөх, алтан шар, хар саарал, улаан гэсэн өнгөний сонголттойгоор худалдаанд гарна. “Apple” компанийнхан шинэ загвартаа зориулж, түгжээгүй “Solo Loop” оосрыг анх удаа бүтээжээ. Оосор нь долоон өнгөөр ​​хийгдсэн бөгөөд гадаргуу нь гөлгөр, ирмэгтэй байна.


“Apple Watch Series 6” нь 399 ам.долларын үнэтэй байх бол “Apple Watch Series 6 SE” загвар нь 279 ам.долларын үнээр худалдаалагдах аж.


Related news