Махны шинэ хэрэглээг нэвтрүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-03-03 15:46:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хурганы махны "Mongolain lamb grill" түргэн хоолны ресторан өнөөдөр "Саруул" худалдааны төвд нээгдлээ. Энэ нь монгол малын махны боловсруулалтыг сайжруулж, уурагт тэжээллэг эко хүнсээр хүн амыг хангах, улмаар экспортлох зорилготой "Монгол эко лэмб" төслийн хүрээнд хэрэгжүүлж буй шинэ үйлчилгээ гэдгийг төслийн зохицуулагч Б.Соёлтуяа онцлов. 


Тодруулбал, энэ нь "Чинээлэг малчин" хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлж буй дэд төсөл аж. "Чинээлэг малчин" хөтөлбөр нь малчдын амьжиргааг цогцоор нь дээшлүүлэх зорилгоор улс даяар хэрэгжиж буй ажил юм. Малчид бага насны малаа эргэлтэд хурдан оруулж ашиг олох, нөгөө талаар Монголд хурганы махны брэнд үүсгэж дотоодын зах зээлд шинэ махны хэрэглээг бий болгож улмаар экспортод чанартай мах гаргах зэрэг эдийн засгийн олон давхар үр өгөөжтэй юм. Ашиг олсноор малчдын амьдрал дээшилнэ гэж үзэж буйгаа "Чинээлэг малчин" төслийн удирдагч Л.Одсэр илэрхийлж байв.


Тэрээр, "Монголчууд бид малаа баялаг гэхээсээ илүү баялгийг бүтээх бизнес гэж харах цаг ирсэн. Энэ утгаар манай төсөл малчдыг бизнесийн зөв замд оруулах гол зорилго, "Малчны хотноос дэлхийн тэрбумтан болцгооё" гэсэн уриа дэвшүүлэн ажиллаж байна" гэв. Энд үржил селекцээс аваад малчдыг бизнесийн сургалтад хамруулах, шинэ махны боловсруулалт, хэрэглээг бий болгож зах зээлд нэвтрүүлэх талын судалгааг хийх зэрэг олон ажил орж байгаа аж. Үүний өмнө бид хурганы махыг хүнсэнд хэрэглэж болно. Ингэснээр хүн амаа эрүүл махаар хангана гэсэн шинэ, эерэг сэтгэлгээгээр хандлагаа өөрчлөх хэрэгтэй болсныг дурдаж байв. 




Хурганы махыг хүнсний хэрэглээнд нэвтрүүлж эхэлж буй "Монгол эко лэмб" төсөл одоо бүтээгдэхүүн хөгжүүлэх ажлыг хийж, улмаар гадаад, дотоодын зах зээлийн сүлжээнд франчайзын хэлбэрээр нэвтрүүлэх

захиалгыг хэрэглэгч талуудаас аваад буйг төслийн зохицуулагч Б.Соёлтуяа мэдээлэв.


"Mongolain lamb grill" түргэн хоолны рестораны нээлтэд оролцсон улстөрч Ц.Оюунгэрэл хэлэхдээ, "Өнөөдөр бид мал аж ахуйгаа, малаа кластерийн зарчмаар хөгжүүлж, махаа бэлтгэж буй малчнаас аваад боловсруулж буй аж ахуйн нэгж, зах зээлд нийлүүлж буй бизнес эрхлэгч аль аль нь хохирохгүйгээр ашиг хүртэх эдийн засгийн шинэ тойрогт шилжих цаг болсон. Эдийн засгийн шинэ тойрогт малчдыг оролцуулж буй "Монгол эко лэмб" төсөл энэ ажлыг эхлүүлж буй нь таатай байна. Шинэ тойрогт оролцогчдын нэг нь хохирвол эдийн засгийн энэ эргэлтийн гинж тасарч зогсоно гэдгийг ойлгох ёстой" гэдгийг тэмдэглэв. Харин эдийн засагч Д.Жаргалсайхан, "Монгол эко лэмб" төсөл нь мал, малчдын үнэ цэнийг нэмүү өртгийн хамт нэмэгдүүлж буй ХАА, мал аж ахуйг зах зээлд нийцсэн бодит байдлаар хөгжүүлэх эргэлтийн шатны шинэ алхам" гэдгийг онцлов. 





Гэрэл зургуудыг Т.Чимгээ


Related news