Рэпер DaBaby ХДХВ-тэй хүмүүсийн талаар зүй бус үг хэлсэндээ хүлцэл өчжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
anudaritsagaan@gmail.com
2021-08-06 15:07:25

МАЙАМИ. /BBC/. Америкийн рэпер DaBaby “Rolling Loud Miami 2021” хөгжмийн наадмын үеэр тайзан дээр хүний дархлал хомсдолын вирусний /ХДХВ/ халдвартай хүмүүсийн талаар зүй бус үг хэлсэндээ хүлцэл өчжээ. 


Тэрбээр өөрийн хэлсэн үгээ "хэнэггүй, хайхрамжгүй" хэмээн тодорхойлоод, хэн нэгнийг гомдоох бодолгүй байсан гэдгээ хүлцэл өчихөөсөө өмнө илэрхийлсэн байна. 


"Миний бие хийсэн үйлдлийнхээ төлөө ЛГБТ хүмүүсээс уучлал хүсэж байна. ХДХВ/ДОХ-ын талаар зүй зохисгүй үг хэлсэндээ дахин хүлцэл өчье. Энэ талын мэдлэг, боловсрол чухал гэдгийг ойлгож авлаа" гэж DaBaby “Instagram” хуудсандаа нийтэлжээ.  


Мөн түүнтэй “Levitating” дууг хамтран дуулсан Их Британийн дуучин Дуа Липа рэперийн эл үйлдлийн талаар, "Би DaBaby-г ийм үг хэлсэнд маш их гайхаж байна. Бас аймшигтай санагдаж байна" хэмээн өөрийн “Instagram” хуудсандаа бичсэн байна.


Болсон явдлын талаар тодруулбал, Рэпер DaBaby өнгөрсөн сарын сүүлээр Майами хотод болсон “Rolling Loud” хөгжмийн наадмын үеэр ХДХВ/ДОХ-ын халдвартай болон ижил хүйстэн эрчүүдээс бусад үзэгчдийг гар утасны гэрлээ асаахыг хүссэн байна.


Түүнчлэн өнгөрсөн хэдэн арван жилийн турш ХДХВ/ДОХ-ын халдвартай хүмүүст урт наслах, эрүүл саруул амьдрахад нь туслах эм бэлдмэлүүд бий болсон бол рэпер залуу тайзан дээрээс ХДХВ/ДОХ-ыг "хоёроос гурван долоо хоногийн дотор үхүүлнэ" гэсэн ташаа зүйл ярьжээ.


Тэрээр уучлал гуйхаасаа хагас цагийн өмнө “Instagram” хуудсандаа өөрийн үйлдлийг хаацайлсан агуулга бүхий мэдэгдэл хийсэн нь түүний дагагчдыг дахин бухимдуулжээ. 


Ийнхүү рэпер залуу өөрийн гаргасан зүй бус үйлдлийнхээ улмаас хоёр томоохон хөгжмийн наадмаас хасагдсанаас гадна хувцас загварын “Boohoo” брэнд түүнтэй хамтран ажиллахаас татгалзсан байна. 

Related news