Шинэ нисэх буудалд үйлчилгээний олон улсын стандартыг нэвтрүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-24 11:31:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөшигийн хөндий дэх олон улсын "Чингис хаан" нисэх буудлын менежментийг Япон-Монголын хамтарсан "Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт" ХХК хариуцан ажиллаж байна. Тус компани Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай хамтран шинэ нисэх буудлын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийнхэнд өчигдөр танилцууллаа.

“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр барьж ашиглалтад оруулж, "Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт" (NUBIA) компани буудлын менежментийг бүхэлд нь хариуцан Монголтой дэлхийг холбох агаарын шинэ үүд хаалгыг нээгээд байгаа юм. 




Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гаас шинэ нисэх буудлын менежментийн тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлснээр Монгол Улсад анх удаа нисэх буудлын менежментийн тогтолцоог хувийн хэвшил хариуцаж байна. Япон компаниудын түншлэл болон Монголын төрийн өмчит компанийн хамтарсан хэлбэрээр байгуулсан тус компани Монгол Улсын Засгийн газартай концессын гэрээ байгуулан нисэх буудлын менежментийг 15 жил хариуцахаар болжээ.




Шинэ нисэх буудалд өнөөдөр 800 гаруй автомашины зогсоол бүхий талбай, валют арилжаа, буухиа шуудан, автомашин түрээсийн гээд бүх төрлийн үйлчилгээг нэвтрүүлж байна. Нисэх буудалд татваргүй барааны 4-5 дэлгүүр үүдээ нээжээ. Мөн зорчигчдын амарч алжаалаа тайлах лоунжууд эхнээсээ нээгдэж, энд ажиллаж буй "Линк" лоунжоор үйлчлүүлэхэд гадаадын 500 хотын 1300 гаруй нисэх буудлын лоунжид нэвтрэх эрхтэй гэсэн сурталчилгаа харагдана. Энд зорчигчид болон нисэх буудлаар үйлчлүүлсэн иргэдийн хаяж гээгдүүлсэн зүйлийг хадгалж хүлээлгэн өгөх цэг, хүргэж өгөх шуудангийн салбар хүртэл ажиллаж байгааг "Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт" ХХК-ийн Зорчигч терминалын газрын дарга Иномата Акинобу танилцууллаа.





Буудлын асрыг олон улсын нисэх буудлуудын адил аль болох байгалийн гэрэл ашиглахаар шийдэлтэй хийжээ. "Бид өдрийн цагаар цахилгаан гэрлээ унтрааж байгалийн гэрлийг ашигладаг. Энэ нь цахилгааныг 50 хувиар хэмнэдэг" гэж шинэ нисэх буудлын Зорчигч терминалын газрын дарга Иномата Акинобу танилцууллаа.






Түүнчлэн Японы "Tsuna cafe" сүлжээнээс эхлээд түргэн хоол, үйлчилгээний цэгүүд нээгдэж, үүнтэй зэрэгцэн манай улсын үндэсний брэндүүдийн салбар, арт шопууд ажиллаж байна. Буудлын үйлчилгээн дээр Монгол Улсын хэчнээн компанитай хамтарч ажиллаж байгаа талаар тодруулахад, "Энд бүгд Монгол Улсад бүртгэлтэй ААН-үүд ажиллаж байна. Хэдийгээр Японы болон гадаадын сүлжээ дэлгүүр үйлчилгээ ажиллаж байгаа гэлээ ч бүгд франчайзыг худалдан авсан Монголын компаниуд гэрээ, түрээс болон бусад хэлбэрээр ажиллаж буй"-г ноён Иномата Акинобу тодотгов. 






Түрээсийн талбайн сонгон шалгаруулалтыг явуулахдаа шударга зарчмаар хийж байгаа хэмээн онцолж байлаа. Тэрээр, нисэх буудал гэдэг зөвхөн нислэг үйлдэхдээ бус энд зорчигч, үйлчлүүлэгч иргэдийн тав тухтай байх бүх нөхцөлийг бүрдүүлэн хангах учиртайг тодотгож байв. Гол нь олон улсын стандартыг хангасан, орчин үеийн тэргүүний үйлчилгээг нэвтрүүлэхэд оршиж, үүний төлөө ажиллаж байгааг хэллээ. 



Шинэ нисэх буудлын хурдны замаар онгоцны буудал хүртэл дундаж хурдаар явахад 15 минут зарцуулж байна. Нэвтрэх хяналтын болон төлбөр хураах цэг бүрэн тохижжээ. Гадаад болон дотоодын нислэг цөөн байсан учраас хөл хөдөлгөөн харьцангуй бага байв.




Нийтдээ шинэ буудлын тохижилт үйлчилгээний талбайг Буянт-Ухаагийн буудалтай харьцуулахад 1.5 дахин том болжээ. Бүх байгууламжийн хувьд 1.5-2 дахин томорсон байна. Буянт-Ухаагийн нисэх буудал хамгийн олондоо 1.5 сая зорчигч хүлээн авдаг байсан бол шинэ нисэх буудал 3 саяыг хүлээн авах хүчин чадалтай, үйл ажиллагаагаа зохицуулж, менежментээ сайжруулснаар 4.5 сая зорчигч хүлээн авах боломжтой аж. 



Энгийнээр хэлбэл, чиглүүлэгч, тосон авах энэхүү автомашин нь нисэх онгоц буухад агаарын чиглэл, салхины чиг,  нисэх онгоцны буулт, хазайлт зэрэг буух, нисэх бүх үндсэн үзүүлэлтийг диспетчерийн удирдлага болон тухайн нисэх онгоцны багт мэдээлдэг "ид шидтэй".






Танилцуулга зорчигч терминалаас эхэлж, нисэх хөөрөх зурвасын талбайд үргэлжиллээ. Шинэ нисэх буудлын онгоц хөөрөх, буух зурвас нь нийт 3600 метр урттай. Энэ нь Буянт-Ухаа буудлынхаас 500 метрээр илүү урт гэсэн үг.  Нисэх буудал нь гурван "Боинг" онгоц багтах ангартай, 6 хоолой буюу нэгэн зэрэг 6 нисэх онгоцонд үйлчлэх боломжтой. Шатахуунаа газар доогуурх гидрант сувгаар ханган нисэх онгоцуудыг цэнэглэдэг орчин үеийн систем нь гэхэд олон улсын нислэгийг өөртөө татдаг нэг онцлогтойг нисэх буудлын Нислэгийн Шуурхай удирдлага хяналтын төвийн аэродромын үйл ажиллагаа зохицуулалтын мэргэжилтэн Э.Дөлгөөн танилцуулж байлаа. 







Ачаа тээшний танхимд буюу карго терминал нь Буянт-Ухаагийнхаас 2 дахин том талбайтай, Буянт-Ухаа буудалд ганцхан замаар тээш өгдөг бол энд 3 зам хөдөлгүүрээр зорчигчдын ачаа тээшийг хуваарилж байна. 






Шинэ нисэх буудлын тохижилт, үйл ажиллагааг танилцуулах үйл ажиллагааны эцэст Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн дарга Катанода Томоки хэлэхдээ, "Чингис хаан олон улсын нисэх буудал бүс нутгийн ачаа тээврийн үйлчилгээг нэвтрүүлж, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

Ирэх жил Япон-Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Хоёр орны харилцааг дараагийн 50 жилд авч явах залуу үедээ зориулан бид тус ойн арга хэмжээг өргөн хүрээнд тэмдэглэнэ. Манай улсын стратегийн чухал түнш Монгол Улстай хамтын ажиллагаагаа улам бүр хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэдгийг онцолсон юм.




Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр


Related news