“Nike” Манчестер Юнайтед клубийн тоглогчтой байгуулсан гэрээгээ цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-02-08 13:17:46

ВАШИНГТОН. /DW/. Америкийн спорт хувцас үйлдвэрлэгч “Nike” компани Манчестер Юнайтед клубийн тамирчин Мейсон Гринвудыг баривчлагдсаны дараа түүнтэй байгуулсан гэрээгээ цуцалжээ.


Өнгөрсөн долоо хоногт тус компани М.Гринвудын холбогдсон хэрэгтэй холбогдуулан гэрээгээ түр түдгэлзүүлж буйгаа мэдэгдсэн юм. Харин даваа гарагт түүнийг “Nike” компанийг төлөөлөхөө больсныг албан ёсоор мэдэгдсэн байна.


М.Гринвуд залуу эмэгтэйд хүч хэрэглэсэн хэрэгт холбогдон баривчлагдаж, байцаалт өгсөн бөгөөд болсон хэрэг явдалтай холбоотой дүрс бичлэг цахим сүлжээнд цацагдсанаар эдгээр арга хэмжээг авчээ. 


Тухайн үед тамирчин хэдийнээ саатуулагдаад байсан ба түүнийг бэлгийн дарамт үзүүлсэн, хүний амь насанд заналхийлсэн хэмээн сэжиглэсний дараа баривчилжээ. Хожим нь тэрбээр батлан даалтаар суллагдсан ч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.  


Манчестер Юнайтед клубийн хувьд М.Гринвудыг тоглолтод оролцох, клубийнхэнтэйгээ бэлтгэл хийхийг нь түр түдгэлзүүлжээ.


Өнгөрсөн долоо хоногт Манчестер гүнлэгийн цагдаагийн газар “2022 оны нэгдүгээр сарын 30-ны ням гарагт нэгэн эмэгтэйд хүч хэрэглэсэн, бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт сэжиглэгдэж буй 20 настай эрэгтэй батлан даалтаар суллагдсан" талаар мэдээлсэн байна.


М.Гринвуд нь 2019 онд Манчестер Юнайтед клубт анхны тоглолтоо хийсэн бөгөөд Премьер лигийн бүрэлдэхүүнд 129 удаа тоглож, 35 гоол оруулжээ. 

Related news